Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Богд уулын хойд талын суурьшлын бүсийг Байгаль орчны яамнаас хотын мэдэлд шилжүүлэх асуудал саналын түвшинд байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Яармагт дахин төлөвлөлтөд орж газраа өгчхөөд орон сууцандаа орж чадаагүй хохирсон иргэдийн асуудлыг хэзээ ярих, Яармаг, Нисэхэд шигүү барилгатай болсон хэрнээ сургуульгүй байна. Үлдсэн газраа хэзээ дахин төлөвлөлтөд оруулах, дахин төлөвлөлт гэхээсээ илүүтэй иргэд хашаандаа сайхан амьдрах хүсэлтийг илэрхийлж байгаа. Ийм боломж хэзээ гарах, Хан-Уул дүүргийн Төрийн тусгай хамгаалалттай газрыг Байгаль орчны яамнаас хотын даргад шилжүүлэх асуудал ямар шатанд байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар хариулт хүсэж, холбогдох албаныхан тайлбар өглөө.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр: НЗД-ын захирамжаар 2020 онд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчмын гэр хорооллын 46.1 га талбайд газрыг дахин төлөвлөж, барилгажуулах эрхийг Нийслэлийн орон сууцны корпорацад шилжүүлсэн. Тухайн байршлын 26 иргэн хохирсон асуудал яригдаж, хотын даргатай уулзсан. Эдгээр иргэний асуудал Нийслэлийн орон сууцны корпорац руу шилжсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар: Хан-Уул дүүргийн Төрийн тусгай хамгаалалттай газрыг Байгаль орчны яамнаас хотын даргад шилжүүлэх асуудал хоёр үе шаттай явагдаж байгаа.

Нэгдүгээрт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны хэсэг буюу 1996 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан хилийн цэсийг нарийвчлан тогтоож, Улаанбаатар хотод газрыг нь шилжүүлж, Байгаль орчны сайдын олгосон 80 тушаалыг хүчингүй болгосон.

Хоёрдугаарт Богд уулын хойд талын суурьшлын бүс үүссэн хэсгүүдийг Байгаль орчны яамнаас хотын мэдэлд шилжүүлэх асуудал саналын түвшинд байгаа. Энэ асуудлыг УИХ-аар эцэслэн шийднэ. 

НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжингийн мэдээлснээр Сэлбэ дэд төвд 2,200 нэгж талбайн газар чөлөөлөлтийг төлөвлөснөөс 1,270 нэгж талбайн иргэдийн нөхөн олговрыг төлжээ. Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөд 100 тэрбум төгрөгийг зарцуулахаар нийслэлийн төсвийн тодотголд тусгасан байна. Нэгж талбайн үнэлгээний хувьд харилцан адилгүй бөгөөд гудамжны эхний эгнээнд байдаг айлуудын газар арай үнэтэй аж.