Уншиж байна ...

Ливанд болсон пэйжерийн дэлбэрэлтийн дараа Иран улс элчин сайдаа бусад 95 шархтны хамт татжээ

Т.Давааням, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын 17-ны өдөр Ливан улс даяар Хезболла зэвсэгт байгууллагын гишүүдийн хэрэглэдэг харилцаа холбооны төхөөрөмж болох пэйжерүүд дэлбэрсэн билээ.

Энэ үеэр тус улс дахь Иран улсын элчин сайд Можтаба Амани шархадсан юм.

Тэгвэл Иран улс элчин сайдаа пэйжерийн дэлбэрэлтэд шархадсан бусад 95 иргэнийхээ хамт буцаан татсан тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи өчигдөр Тегеран хотын эмнэлэгт хэвтсэн элчин сайд Аманийг эргэж очсон байна.

Ираны төрийн хэвлэл эхлээд Аманийг “хөнгөн шархадсан” гэж мэдээлж байсан юм.

Гэхдээ эмнэлэгт хэвтсэнээс харвал шарх нь тийм ч хөнгөн биш бололтой байна.

Есдүгээр сарын 18-нд буюу пэйжерийн дэлбэрэлтийн маргааш Ливан даяар Хезболлагийн гишүүдийн ашигладаг радио станцууд дахин дэлбэрээд байгаа.

Эдгээр дэлбэрэлтүүд нь Ираны дэглэмийн чухал холбоотон Хезболлагийн эсрэг чиглэж байв. АНУ-ын засаг захиргаа тус байгууллагыг “террорист” ангилалд оруулсан байдаг.

Дэлбэрэлтүүдийн улмаас нийт 37 хүний амь үрэгдэж, 3,000 орчим хүн шархадсаныг Ливаны эрх баригчид мэдээлээд байгаа.

Хезболлагийн удирдагч Хассан Насралла өчигдөр хийсэн мэдэгдэлдээ тус байгууллага энэхүү дэлбэрэлтүүдийн улмаас багагүй хохирол амссаныг хүлээн зөвшөөрсөн ч тэмцлээ үргэлжлүүлж, Израил улсыг хатуу шийтгэхээ амласан юм.

Израилийн засгийн газар одоогоор дээрх халдлагыг үйлдсэнээ албан ёсоор хүлээгээгүй байна.

 

Эх сурвалж: Aljazeera