Уншиж байна ...

Өмнөд Солонгосын олимпын медальт тамирчин кинонд алуурчны дүр бүтээхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Парисын зуны олимпын наадмаас мөнгөн медаль зүүсэн Өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин Ким Еэ Жи жүжигчний замналаа эхлүүлэхээр болжээ.

Түүнийг “Asia” нэртэй цуврал бүтээлийн үргэлжлэл болох “Crush” киноны алуурчны дүрд тоглохоор болсныг Asia Lab энтертайнмэнт компани өчигдөр зарласан байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал И Жүн Субын найруулсан “Asia” кинонд арьс өнгөний үзлийн улмаас гадуурхагдсан Ази гаралтай хүмүүсийн түүхийг үзүүлдэг юм.

Ким Еэ Жигийн хувьд өнгөрсөн долдугаар сард Парисын наадмын 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль зүүхдээ биеэ авч явах байдал, өвөрмөц хэв маягаараа олны анхаарлыг татаж байжээ.

Тухайн үед тэрбумтан Илон Маск түүний дүрс бичлэгийн дор “Тэр тулаант төрлийн кинонд дүр бүтээхэд тохирно. Ямар ч жүжиглэлт шаардлагагүй” гэж бичиж байв.

Наймдугаар сард Ким жүжигчин, моделийн замналаа эхлүүлэхээр болж, Өмнөд Солонгосын нэг энтертайнмэнт компанитай гэрээ байгуулсан юм.

Дараа нь тэр Louis Vuitton брэндийн сэтгүүлд нийтлэгдэх сурталчилгаанд зургаа авхуулж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News