НИТХ-ын хуралдаанаар Хангарди ордныг барилгыг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. НЗДТГ Хан-Уул дүүргийн шинэ байранд нүүж орсон тул нутгийн захиргааны байгууллагын байр болох Хангарди ордныг Дээд шүүхэд шилжүүлэхээр болжээ.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хангарди ордны үнэлгээ хоёр удаа хийгдсэн. Хамгийн сүүлийнх нь 79 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Балансад бүртгэлтэй үнэ нь 13 тэрбум төгрөг" гээд ямар учиртайг асуув.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа "НЗДТГ-ын зөвлөлийн хуралдаанаас зөрүүтэй гурван янзын үнэлгээ байгааг балансын үнээр шилжүүлэх чиглэлийг авсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх, бүртгэх тухай хуулийн зохицуулалт бий. Нийслэлийн болон орон нутгийн өмчийг үнэлэхдээ зах зээлийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт зэргийг харгалзан Засгийн газрын шийдвэрээр дахин үнэлэхээр хуульчилсан.
2009 онд Хангарди ордныг 8.2 тэрбум төгрөгөөр санхүүгийн тайланд бүртгэж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолоор Хангарди ордныг дахин үнэлэх ажлыг холбогдох сайд, дарга нарт даалгасан байна. Сангийн сайдын 2018 оны тушаалаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах аргачлалыг батлуулж, Хангарди ордныг 13.4 тэрбум төгрөгөөр бүртгэсэн үнэлгээтэй байгаа.
Хоёр өөр үнэлгээний тухайд гэвэл нэг нь 2018 онд хийгдсэн бөгөөд 43.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ нь НИТХ-аас 2018 онд Хангарди ордныг хувьчлах шийдвэр гарч, хувьчлалын доод үнэлгээг ингэж тогтоосон.
2022 онд 79.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг задалбал барилга нь 77.4 тэрбум, газар нь 2.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Энэ нь НЗДТГ-ын захиалгаар зөвхөн ах зээлийн үнийг тодорхойлох зорилгоор хийгдсэн. Хуулийн дагуу энэхүү үнэлгээг балансад бүртгэн авах боломжгүй. Балансын үнээр шилжүүлэх саналыг танилцуулж байгаа.
Хангарди ордныг хувь хүнд арилжааны болон бусад зорилгоор худалдах агуулга агуулаагүй. Энэ барилгыг орон нутгийн өмчөөс төрийн өмчит байгууллага руу балансын үнээр шилжүүлэх саналыг танилцуулж байна" гэв.
Дээд шүүх засвар хийгээд балансын үнийг өсгөх боломжтойг тэрбээр тайлбарлав.
Ийнхүү хэлэлцсэний эцэст Хангарди ордныг балансын үнэ буюу 13.4 тэрбум төгрөгийн үнэлгээгээр Дээд шүүхэд шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!