Уншиж байна ...

Энэтхэгийн нэг тосгоны иргэд тойрог замд гацсан сансрын нисгэгчийг эсэн мэнд буцааж ирүүлэхийн төлөө залбирч байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Boeing компанийн зохион бүтээсэн анхны сансрын хөлөг Starliner-аар дэлхийн тойрог замд хүрсэн хоёр сансрын нисгэгч буцах боломжгүй болоод удаж байна.

NASA-гийн сансрын нисгэгчид 61 настай Барри Уилмор, 58 настай Сунита Уилльямс нар зургаадугаар сарын 5-нд дэлхийн тойрог замын станцад хүрсэн ч Starliner хөлөгт гарсан техникийн доголдлын улмаас буцах боломжгүй болжээ.

Тэд Олон Улсын Сансрын Станцад найм хоноод буцах төлөвлөгөөтэй байсан бол одоо ирэх оны хоёрдугаар сард SpaceX-ийн хөлгөөр дэлхий рүү буцахаар болоод байгаа.

зураг
 
Сунита Уиллямс, Барри Уилмор нар

Хоёр сансрын нисгэгчийн нэг Сунита энэтхэг гаралтай.

Энэтхэгийн баруун бүсийн Гужарат мужийн Жхуласан хэмээх жижиг тосгоны оршин суугчид Сунитаг эсэн мэнд буцааж ирүүлэхийн төлөө өдөр бүр залбирч байгаа тухай BBC агентлаг мэдээлжээ.

Сунитагийн аав, өвөг дээдэс нь энэ тосгоны уугуул юм байна.

Тэр өөрөө АНУ-д төрсөн ч 1972, 2007, 2013 онуудад Жхуласанд зочилж байжээ.

зураг
 

7,000 орчим оршин суугчтай тус тосгонд Сунита Уилльямстай холбоотой зүйлс олон байдаг гэнэ.

Тухайлбал Сунитагийн өвөө, эмээ нарын нэрэмжит номын сан, аав Дэпак Пандягийн амьдарч байсан орон гэр хүртэл хадгалагдаж байдаг.

Мэдрэл судлаач мэргэжилтэй Пандя 2000 онд нас баржээ.

Сунита нэг удаа ирэхдээ өвөг дээдсийнхээ тосгонд өөрийн хандиваар сургууль байгуулж өгч байсан юм. Тэр сургуулийн хананд өвөө, эмээ нарынх нь зураг шүтээн болж байдаг.

Сунитагийн аав Пандя 1957 онд дээд боловсрол эзэмшихээр АНУ-д очоод Урсулин Бонни гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж байжээ.

Тэдний дундаас 1965 онд Сунита мэндэлсэн юм.

Пандя АНУ явснаасаа хойш анх удаа 1972 онд төрөлх тосгондоо гэр бүлээрээ зочлоход Сунита долоон настай байжээ.

Түүнийг сансрын аяллаасаа буцаж ирсний дараа Жхуласанд айлчлан ирнэ гэдэгт тосгоныхон итгэлтэй байна.

 

Эх сурвалж: BBC