Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ж.Баясгалан Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын зарим албан тушаалтан болон тус танхимын гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "Монгол-Чех хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай, хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд хөгжүүлж ирсэн.
Тус улс манай орны уул уурхай, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ой тохионо.
Энэхүү ойн хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талаас санаачилгатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсэж байна" гэв. Түүнчлэн Чех улсад ажиллаж, амьдарч буй 15 мянган монгол хүний талаар дурдан, энэхүү тоог нэмэгдүүлэх боломжийн талаар болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын Гадаад харилцааны хэлтсийн дарга Илиа Мазанэк "Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд аялал жуулчлал, тээвэр, эрүүл мэнд, даатгал, хөнгөн үйлдвэрлэл зэрэг бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагууд багтсан.
Бид чиглэл бүрээр монголын талтай уулзалтууд зохион байгуулсан. Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан бол энэ жилээс квотыг нэмэгдүүлж 3000-д хүргээд байгаа. Эдийн засгийн танхим цаашид хоёр улсын бизнесийг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллана" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!