Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

МБҮЭХ: Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулж өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 20
iKon.MN

Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МБҮЭХ)-ноос цаг үеийн асуудлаар өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

МБҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар "Манай холбоо 2018 оны хоёрдугаар сард байгуулагдсан, 21 аймаг нийслэлд нийт 15 мянган гишүүнчлэлтэй. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Цаг үеийн асуудалтай холбоотойгоор ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа. 

Нэгдүгээрт Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах талаар шаардлага хүргүүлсэн. Энэ хүн энэ оны долдугаар сард Боловсролын сайдаар томилогдсон, багш мэргэжилгүй атлаа өөрийгөө багш гэж сурталчилдаг.

Одоогийн болон тухайн үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор сургуульд багшлах эрхгүй этгээд байсан. Хувийн сургуулийн захирал хийж яваад улс төрд орж Боловсролын сайд болсон. Үүнээс хойш салбарын асуудлыг бужигнуулж байна. 

Хамгийн эхний шийдвэр нь хичээлийн жилийн бүтцийг өөрчилж, гурван улирал болгосон. Багш, эцэг эх, сурагчдыг залхаасан хичээлийн жилийн бүтэц хийснээр эхэлсэн. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн багш нарын цалин хөлсний талаар маш бодлогогүй байр суурийг УИХ-ын чуулганы индэр өгсөн. Энэ долоо хоногийн Лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа багш нар 1,000 ам.долларын цалин авч байгаа мэт худлаа ярьсан. Саяхан өөрийн тушаалаар курсийн багш бэлтгэх болчимгүй шийдвэр гаргаж нийгмийг талцууллаа. 

Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуульд заасан бүх нийтийн амралтын өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийг хийсэн. Үүнээс улбаалаад амралтын өдөр ажиллавал хуулиар илүү цаг бодож олгох эсвэл нөхөж амрах ёстой зохицуулалтыг хийгээгүй. 

Боловсролын яаманд Нийслэлийн сургуулийн захирлуудыг цуглуулж, уулзалт хийх нэрийн дор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй ХҮН намын хүмүүсийг дэмжиж ажиллахыг уриалсан. 

Курсийн багш бэлтгэх журмаа гаргахдаа олон нийтийн хэлэлцүүлэг хийгээгүй. Эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдтэй уулзалт хийх ёстой. Мөн багш нарын цалин 1,000 ам.доллар болоогүй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүн, сайдыг Ерөнхий сайд огцруулах бүрэн боломжтой. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулж өгөөч гэх шаардлагыг тавьж байна. Хууль зөрчиж, олон нийтэд буруу мэдээлэл өгдөг худалч саадыг огцруулъя.

Багш нарын үндсэн цалин 1.4 сая, үйлчилгээний ажилтны цалин 900 мянган төгрөг байгаа. Багш нарын цалинг 1,000 ам.долларт хүргэхийг шаардаж байна.

Цаашлаад багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлыг Засгийн газар анхаарах ёстой. Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш нарыг орон сууцжуулах бодлогоо Засгийн газар яаралтай гаргана уу" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав