Монгол-Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан "Германы өдөр"-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Энэхүү нээлттэй өдөрлөг нь Германы соёл, хэл, уламжлал, үндэсний хоол, урлагийн үзүүлбэртэй танилцах хосгүй боломжийг олгож буй онцгой арга хэмжээ болж байгааг Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хэлж байв.
Энэ талаар "Герман Улсын боловсролын байгууллагууд, олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгүүд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хөгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж буйд баяртай байна.
Түүнчлэн Германд суралцаж төгссөн төгсөгчид, бизнес эрхлэгчид болон иргэдийн санал санаачилгаар үүсгэн байгуулагдсан холбоодын төлөөлөл хүрэлцэн иржээ. Энэ нь манай хоёр улсын харилцааны өргөн цар хүрээг тодотгон харуулж байна" гэдгийг оролцогчид хэлсэн юм.
Герман улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц хэлэхдээ "Хоёр үндэстний хоорондын эв найрамдлыг бэлэгдсэн өдөр болж байна.
Боловсролын солилцоо, бизнесийн харилцаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах төслүүд зэрэг олон салбарт бид бүхэн хамтран ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, дэд бүтэц, бизнес болон урлаг соёлыг хамтын ажиллагааг дурдахгүй байхын аргагүй.
Монгол улсаас Герман улсыг зорин ирэх аялал жуулчлал хөгжиж байгаа. Үүний зэрэгцээ герман иргэдийн Монголыг зорих сонирхол улам нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Энэ удаагийн өдөрлөгт Германы уламжлалт хоол хүнс, урлаг соёлын тоглолтуудыг үзүүлэх болно. Бидний зохион байгуулж буй тэмцээн уралдаануудад оролцон, шагнал хожих боломж олдох байх хэмээн итгэж байна" гэлээ.
Гэрэл зургийг MPA агентлаг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!