Зураг
Зураг
Индэр    
2024 оны 9 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч

Нийслэлийн 55 дугаар сургуульд "Талх нарийн боов - Бариста"-гийн мэргэжлийн анги үүдээ нээв

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль 115 багш ажилтантай, 502 сурагчтай. Улаанбаатарын хамгийн их хүн амтай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг учир бусад сургуулиудаас хүүхдийн тоо харьцангуй олон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа бусад сургуулиуд 9 жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль нь 12 жилийн тогтолцоотой гэдгээрээ онцлог билээ.

Боловсролын багц хуулийн шинэчлэлээр сурагч бүр 12 жилийн боловсрол эзэмшихээр хуульчилсан.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож байгаа сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, ингэхдээ ахлах ангийн гурван жилд нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төгсөөд өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх нь гол зорилго.

Нийслэлийн 55 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид зочид буудлын өрөөний үйлчилгээ, талх нарийн боов, цэцэрлэгч, ногоочин гэсэн чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олж авч буй.

Тэгвэл энэ хичээлийн жилээс "Талх нарийн боов - Бариста"-гийн мэргэжлийн анги үүдээ нээлээ. 

Нээлтийн арга хэмжээнд 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг, Боловсролын яамны Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү, Тэгш хамруулах бодлогын хэлтсийн шинжээч Г.Сүнжидмаа, Боловсролын Ерөнхий Газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишигт, мэргэжилтэн Д.Даваасүрэн, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат нар болон эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

Орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Талх нарийн боов - Бариста” мэргэжлийн ангийг шинээр нээн 15 сурагчтайгаар хичээллэж эхэлжээ. Уг ангийг Итали улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж, түүхий эдээр ханган сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлж байна.

Ч.Ганбилэг: Сургуулийнхаа гүйцэтгэлийн үнэлгээний шагналын мөнгөөр шинэ ангиа нээлээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар тус сургуулийн захирал Ч.Ганбилэг "Манай сургууль 2010 оноос эхэлж тогооч, нарийн боов, цэцэрлэгч, ногоочин, зочид буудлын үйлчлэгч чиглэлээр мэргэшүүлж, ажлын байранд бэлтгэж байсан. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхэлж баристагийн мэргэжлийн анги нээхээр болсон.

Баристагийн мэргэжлийн анги нээх саналыг анх эцэг, эхчүүдийн зүгээс тавьсан юм. Үүний дагуу судалгаа хийж, төсөл бичиж олон газартай уулзсан. Ингээд сургуулийнхаа гүйцэтгэлийн үнэлгээний шагналын мөнгө, нөхөн хангамжийн зардлаа нэмээд энэ ангийг байгууллаа.

Энэ ангид суралцсанаар хүүхдүүд маань бүх төрлийн кофе, гурилан бүтээгдэхүүн шейк, смүти бялуу, тарт бэлтгэн гаргах чадварт суралцаж төгсөх юм.

Шинэ ангийнхаа танхимыг өөрсдөө тохижуулсан. Кофены тоног төхөөрөмжөө Италиас худалдаж авсан юм. Италийн зүгээс манай зургаан мэргэжилтэнд сургалт явуулсны үр дүнд хүний нөөцөөө бэлдлээ.

Ахлах ангийн хүүхдүүд өөрсдийн онцлогт тохирсон мэргэжлээр суралцаж төгсөөд бие дааж ажилтай, орлоготой иргэн бэлдэх нь бидний зорилго юм. 

Манай сургуульд оюуны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутимзын хүрээний эмгэгтэй, тархины саажилттай хүүхдүүд суралцдаг. Энэ хичээлийн жилийн элсэлтээс анзаарахад аутизмтай хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа нь анзаарагдлаа. Нэг ангийн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байна. 

Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлтэй байдаг. Ойлголцлын бэрхшээл их гардаг учраас багш нарын аргазүйг энэ чиглэл рүү төвлөрүүлж буй" гэж ярилаа.

"Мэргэжлийн чадамжийн гэрчилгээтэй болсноор сургуулиа төгсөөд ажиллах боломж бүрдэнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн жил боловсролын багц хуулийг шинэчилснээр тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах бодлого баримталж буй. 

Уг асуудлаар Боловсролын яамны Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү "Шинэчлэгдсэн багц хуульд ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг боловсролд яаж тэгш хамруулах вэ, сургалтын хөтөлбөр, хүний нөөц, орчин, хэрэглэгдэхүүн хүүхдүүдтэй ажиллах мэргэжилтэн, туслах багшийг бэлдэх гээд олон асуудлыг цогцоор нь оруулж ирсэн.

Энэ хүрээнд 2023 оны долдугаар сараас эхлээд манай улсад үйл ажиллагаа явуулдаг тусгай сургуулиуд дээр орчин нөхцөлийг хэрхэн сайжруулах, тэгш хамруулах талаар судалгаа хийж эхэлсэн юм. Ингээд тусгай сургуульд хэрэгжүүлэх арга хэмжээний 46 төлөвлөгөөг сайдын тушаалаар баталсан.

Уг төлөвлөгөөний нэг нь мэргэжлийн чиг баримжаа олгох, чадамжийг нэмэгдүүлэх тусгай анги нээх шаардлагатай гэж үзсэн. 

Мэргэжлийн анги нээх хамгийн сайн суурь нөөц боломжтой нь 55 дугаар сургууль. Тус сургууль өмнө нь тусгай мэргэжлээр хүүхдүүдээ дадлагажуулсан туршлагатай ч чадамжийн гэрчилгээ олгодоггүй байсан. 
Энд суралцдаг хүүхдүүд хэрэгцээ нь л тусгай болохоос биш хэрэгцээнд нь тохирсон боломжоор хангаад өгвөл бусдын адил хөгжих бүрэн боломжтой. 

Баристагийн шинэ анги нээгдсэнээр суралцагч хүүхдүүд нь төгсөхдөө чадамжийн гэрчилгээтэй болно. Тухайн хүүхдийг бэлтгэж буй сургууль болон Хөдөлмөрийн Яамтай хамтраад ажлын байранд холбон зуучлах арга хэмжээг авна.

Улсын хэмжээнд зургаан тусгай сургууль, хоёр тусгай цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Хууль шинэчлэгдсэнээр боловсролын сургалтын байгууллагын хуулийн 18.5-д зааснаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнээс хамааран боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байж болно гэж үзсэн. 

Өөрөөр хэлбэл ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг, танхимын сургалтад хамрагдах боломжгүй байгаа хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхэд дэмжих үйлчилгээ үзүүлдэг сургууль байж болно. Энэ хүрээнд тусгай сургуулиуд нь яамны харьяанд биш бусад энгийн сургуультай ижил орон нутгийн харьяалалд шилжсэн" гэж ярилаа.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг