Зураг
Зураг
Индэр    
2024 оны 11 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Э.Маргад-Эрдэнэ: Хөгжлийн Банкны байрыг хямд зарна гэсэн луйврын хэрэгт цагдаагийнхан шуурхай арга хэмжээ авсан бол олон хүн хохирохгүй байлаа

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим байрыг өөрийн өмч мэтээр иргэдэд ойлгуулж, хямд үнээр зарсан залилангийн гэмт хэрэг гарах болсон.

Өмнө нь Нийслэлийн Орон Сууцны Корпораци (НОСК)-ын байрыг иргэдэд таатай боломж үүсгэж өгнө гэж залилсан хэрэг гарч байв. 

Хэдийгээр хоёр өөр хэрэг ч үйлдэл нь ижил, арга барил нь адилхан. Залилангийн хэргийн хохирогчтой танилын хүрээгээр холбогдоод татгалзах аргагүй санал тавьдаг. Байртай болох гэсэн иргэдийн сэтгэлзүй дээр тоглолт хийснээр гэмт хэрэгтнүүд санасандаа хүрдэг ч хууль хүчний байгууллагынхан ажилдаа хойрго хандсанаар тэднийг улам өөгшүүлдэг. 

Тодруулбал Хөгжлийн Банкны хуульчид өнгөрсөн оны аравдугаар сард цагдаагийн байгууллагад уг хэргийг шалгуулах хүсэлт гаргасан. Гэтэл шалгаж байгаа нэрийн дор арга хэмжээ аваагүй удсан талаар хуульч нь онцолж байв. 

Энэ хугацаанд тухайн байранд орж үзсэн, залилагч этгээдүүдтэй уулзсан гэх хүмүүсээс мэдүүлэг огт аваагүйг гэрчүүд баталдаг юм.

Тэгвэл Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст уг луйврын хэргийг шалгах Ажлын хэсэг саяхан байгуулагджээ. Тиймээс хохирсон иргэд байвал тус цагдаагийн хэлтэст цаг алдалгүй очихыг сануулж байна.
Энэ хэргийн талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад "Ажлын хэсэг гарсан нь үнэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.

Пирамид маягийн гинжин холбоо

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай өмнөх нийтлэлд нэр нь дурдагдсан Пунцагдаш овогтой Амартүвшин нь энэ хэрэгт холбоотой эсэх нь тодорхойгүй. Түүний овог, нэр, бичиг баримтыг ашиглаад өөр хүн луйвар хийдэг нь тогтоогджээ. 

8811-4146 дугаараар хохирогчтой холбогддог гэх энэ хүн зуучлагч нараар дамжуулан луйврын хэргээ хийдэг байна. Хохирогч цагдаад өргөдөл өгөхөөр н.Амартүвшин нь зуучлагчийг сүрдүүлдэг. Цагдаа нар зуучлагчийг нь шалгахаас н.Амартүвшинг нь шалгадаггүй. Ингэж даамжирсаар хохирогчдын тоо нэмэгджээ.

Одоогоор зөвхөн Хөгжлийн Банкны байртай холбоотой 100 гаруй хэрэг шалгагдаж байгаа юм. Тэд өөрсдийнхөө холбогдсон зуучлагчаа цагдаад өгдөг ч үр дүн нь тодорхойгүй байдаг талаар ярьж байв.

Уг хэргийн олон хохирогчдын нэг Э.Маргад-Эрдэнэ "Шинэ Яармаг" хорооллоос хоёр байр худалдаж авахаар 180 гаруй сая төгрөгөөр залилуулжээ. Эхлээд 100 гаруй сая төгрөгөөр уг хороололд байр худалдаж авсан байна. Байрандаа ороод удаагүй байхад залилагчаас дахин байр худалдаж авах санал иржээ. 

Энэ маягаар "барьцаа" улам лавшруулан, хохирогчдын итгэлийг олж авдаг ч оруулсан байр нь үнэндээ түрээсийнх байв. 

Хэрвээ хуулийнхан уг хэрэгт эрт анхаарал хандуулж, үүргээ гүйцэтгэсэн бол энэ мэтээр иргэд хохирохгүй байв. 

Энэ хэргийн улмаас хохирсон хоёр иргэний нийт мөнгөн дүн гэхэд л 710,000,000 төгрөг болж буй юм.

Байр авах гэсэн иргэдийн сэтгэлзүй дээр хийдэг тоглолт

"Шинэ Яармаг" хороолол дээр гарч буй иймэрхүү хэрэг шинэ зүйл биш. НОСК-ын түрээсийн орон сууцанд орох гэж буй иргэдийн жагсаалтад оруулж өгнө гэсэн нэрээр иргэдийг залилдаг арга газар авсан.

Иргэн Б хотын төвөөр түрээслэх байр хайж байгааг мэдсэн танил Г нь НОСК-ын байранд оруулах санал тавьжээ. Ингээд 2022 оны аравдугаар сард урьдчилгаа болгож 24 сая төгрөг авсан байна. Ингэхдээ мөнгө шилжүүлсэн баталгаа болгож нотариатаар батлуулсан аж.

Тухайн оны эхэнд байранд оруулж өгнө гэж ярьсан боловч аудитын шалгалт хийх нэрээр хугацааг нь хойшлуулсан байна. Ингээд 2023 оны наадмын үеэр уг асуудлыг зохицуулах боломжгүй болсноор иргэн Б шүүхэд хандахад хүрчээ. 

Шүүх уг асуудлыг хэлэлцээд хохирогч талд шийдвэрээ гаргасан ч Б одоог хүртэл мөнгөө бүрэн аваагүй яваа. Иймэрхүү залилангийн асуудалд хуулийн хариуцлага сул байдгаас шийдэгдэх процесс нь уддаг. Үүнийг ч гэмт хэрэгтнүүд тун сайн мэддэг байна.

Б-гээс мөнгө авч, байранд оруулж өгөхөөр харилцан тохиролцсон Г нь зуучлагч, өөрөө ч хохирсон мэтээр ойлгуулдаг. Гэхдээ жинхэнэ хэргийн эзэн гэх З-тэй уулзуулж байгаагүй. Зөвхөн утсаар л ярьсан байдаг. 

Үүнтэй төстэй хэрэг олон байгааг хохирогчид ярьж байв. 

"Энэ хэрэгт 100 гаруй хохирогч, олон тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бид энэ асуудлаар Хөгжлийн банкны өр төлбөрт хураагдсан "Шинэ Яармаг" хорооллоос байр аваад хохирсон Э.Маргад-Эрдэнэтэй уулзлаа.

- Хөгжлийн Банкны өр төлбөрт хураагдсан байр зарж байгаа гэх мэдээллийг анх хэнээс авсан бэ?

- Би аав, ээждээ байр хайж байсан юм. Тэр үед манай ахын найз М хэсэг хүмүүстэй хамтраад "Шинэ Яармаг" хороололд хямд байр зарж байна. Хөгжлийн Банкнаас дуудлага худалдаагаар хямд аваад борлуулж байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм.

Тухайн үед манай хоёр хөгшин байраа зараад удаагүй байсан тул энэ сэтгэлзүйн дээр тоглолт хийсэн юм билээ. 

Эхлээд 100 сая төгрөг хийчих, долоо хоногийн дараа гэрчилгээ нь гараад байрандаа орно гэсэн. Ингээд тохирсон хугацаа буюу зургаадугаар сарын 15-наас байрандаа орох гэсэн боловч банк дээр асуудал үүсээд байна гэсэн шалтгаанаар хойшлуулсан.

Ингэж явсаар найман сар дундаа орлоо. Бид хэд ч нэлээн бухимдаж, шахалт үзүүлсэн юм. Ингэхэд М нь "Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс"-т гэсэн толгой гарчигтай "Дуудлага худалдааны үнийг бүрэн төлж дууссан тул хавсралтад дурдсан үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөөлж, иргэнд олгоно уу" гэсэн утгатай албан бичиг бидэнд харуулсан.

зураг
 

Үүнээс сарын дараа байрандаа ороорой гээд "Шинэ Яармаг" хорооллын 27 дугаар байрны гурван давхрын есөн тоотод, 64 метр квадратын байранд оруулсан. Бид нар анх 53 метр квадрат байранд орох захиалга өгсөн ч 64 метр квадрат болчихлоо. Байрны үнэ дээр 10,000,000 төгрөг нэмэгдэнэ гэлээ. Удаан хүлээсэн тул нэг их юм бодоогүй юм. 

- Эхний байрандаа орчихсон учраас хоёр дахь байрыг зарах санал тавьсан уу?

- Байрандаа ороод удаагүй байтал М "Манай дээр 119 метр квадрат байрыг хямд үнээр буюу 180 саяар зарна" гэв. Тухайн үед өмнөх байрны гэрчилгээ нь гараагүй, бас мөнгөгүй байсан тул авч чадахгүйгээ хэлсэн юм. Гэтэл хэд хоногийн дараа дахиж холбогдоод нөгөө байр чинь хямдраад 119 сая төгрөг болчихлоо. Урьдчилгаа өгөөд ч хамаагүй авах боломжтой гэдэг санал тавьсан. 

Өмнөх байрандаа орчихсон байсан тул итгэл төрж, өөрийнхөө амьдарч байгаа байрыг барьцаанд тавиад 50,000,000 төгрөг өгсөн. 

Мөнгөө өгөөд хоёр хоногийн дараа гэрчилгээ нь гарна гэж байсан ч тийм зүйл болоогүй. Ингээд сэжиг төрж, "Шинэ Яармаг" хорооллынхоо СӨХ-оос эхний байрны өмнөх эзэмшигчийн мэдээллийг авсан. Ингээд н.Отгонжаргал гэдэг хүнтэй холбогдоход "Уг байрыг огт зараагүй. Э гэдэг хүнд зургаан сараар түрээслүүлж байгаа байр" гэж хэлсэн юм. Энэ үед л залилангийн хэргийн хохирогч болсноо ойлгосон.

Үүний дараа М-тэй уулзахад өөдөөс А болон Э нартай хамтран ажилладаг. Энэ хүмүүстэйгээ холбож өгье гэсэн юм. Ингээд уулзахад надад олон бичиг баримт үзүүлсэн. Үл хөдлөхийн бичиг үзүүлэхээр нь шалгаж үзэхэд бүгд хуурамч байсан.

- Хууль хяналтын байгууллагад хандсан уу?

- Би хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан. Надаас гадна иймэрхүү маягаар луйвардуулсан олон хохирогч бий. Хохирол нь хэдэн тэрбумаар яригдаж байна. 

Энэ талаар би л одоо мэдэж байгаа болохоос биш хэдэн жилийн өмнөөс ийм луйврын ийм арга ашиглаж иржээ. Энэ талаар Хөгжлийн Банкны хуулийн зөвлөхөөс өгсүүлээд өмнө нь хохирсон иргэд цахим хуудсаар дамжуулан анхааруулж байсан бололтой.

Үүнээс үзэхэд манай цагдаагийн байгууллага ажилдаа их хайнга хандсан байна. Хэрвээ тухайн цаг үед нь арга хэмжээ авч байсан бол өдийд олон хүн хохирохоос сэргийлэх боломжтой байлаа.

Зөвхөн миний жишээ дээр гэхэд 150,000,000 төгрөг өгсөн. Нэмээд түрээсийн байранд нь ороход өмнөх эзэмшигчийнх нь тавилгаа зарна гээд нэмж 10,000,000 төгрөг авсан. Татварын мөнгө гэж нэмж ойролцоогоор 8,100,000 авсан. Эхний байрандаа ороход нэмж засвар хийсэн гээд ойролцоогоор 200,000,000 төгрөгөөр хохирсон байна. Цаашлаад түрээсийн байр, мөнгө зээлж авсан хүү гээд хохирол маань улам нэмэгдэх байх.

Энэ хэрэгт хохирогчдын тоо 100 гаруй байна. Олон тэрбумын асуудал яригдаж байгаа. Тэдний луйвардсан хэрэг агаарт замхраад алга болно гэж байхгүй. Энэ бүхний цаана улс төрд нөлөө бүхий хүмүүс байхыг ч үгүйсгэх арга алга. Хууль хяналтын байгууллагынхан оролцсон байж ч магадгүй. Ийм олон хүнийг хохироогоод явах зориг зүгээр нэг хэн нэгэнд төрөхгүй болов уу. Ардаа маш том хамгаалалттай, бүлэг зохион байгуулалтад орсон гэмт хэрэг гэж хардаж байна. 

Одоо өвлийн хахир хатуу цаг ирж байна. Ийм үед настай аав, ээж минь байргүй боллоо. Зөвхөн манайх ч бус 100 гаруй хүн орон байргүй, хүндхэн асуудалтай явж байна. Энэ хүмүүс дотроос амиа хорлохыг ч үгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс энэ хэргийг маш хурдан шийдэх хэрэгтэй.