Зураг
Зураг
Индэр    
2024 оны 10 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хөгжлийн Банкны өрөнд хураагдсан орон сууцыг маш хямдаар авах гэсэн иргэд залилангийн хэргийн хохирогч болж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим байрыг өөрийн өмч мэтээр иргэдэд ойлгуулж, хямдаар санал болгон бусдыг залилахыг завдсан үйлдэл удаа дараа гарчээ. 

Тодруулбал “Шинэ Яармаг цогцолбор хорооллын 736, 737 дугаар байрнуудаас дуудлага худалдаагаар худалдан авсан байрыг зах зээлийн үнээс хямдаар зарна” гэсэн мэдээлэл тараан, зохиомол байдлыг зориудаар бий болгоод зогсохгүй хуурамчаар бичиг баримт үйлдэн бусдын өмчийг өөрийн өмч мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн, залилангийн шинжтэй тохиолдол нэг бус удаа бүртгэгджээ.

Тус банк нь өр төлбөрт шилжүүлж авсан 93 үл хөдлөх хөрөнгөөс өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 8.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 40 үл хөдлөх хөрөнгө борлуулсан баримт бий.

Ингэхдээ борлуулж буй үл хөдлөх хөрөнгийнхөө мэдээллийг dbm.mn цахим хуудаст ил тод байршуулдаг нь залилагчдын хараанд өртсөн байна. 

"Танд л зориулсан таатай боломж..."

Иргэн Ч охиндоо байр сонирхож байгаа талаараа нэгэн танилдаа ярьжээ. Уг танил нь "Шинэ Яармаг" хороололд хямд байр худалдаалж байгаа гэх А-г танилцуулсан байна. Шинэхэн танил нь өөрийгөө том албан тушаалтан мэтээр ойлгуулж, Хөгжлийн банкны өр төлбөрт хурааж авсан байрыг зах зээлийн ханшаас бага үнээр борлуулж байгаагаа хэлжээ.

Ингэхдээ олноос зайдуу, тусдаа уулзах байдлаар Ч-д "Танил талаа ашиглаж хямд байр зарж байна. Танд л зориулсан таатай боломж" гэх мэтээр ятгаад зогсохгүй зарж байгаа гэх байрыг нь очиж сонирхсон аж. 

зураг
 
Түүнчлэн банкнаас авсан гэх бичиг үзүүлдэг байна. Чингэхдээ "Пунцагдаш овогтой Амартүвшин нь "Сайрус Групп" ХХК нь хамтран худалдан борлуулахаар нийтэд зарласан үл хөдлөх хөрөнгөнөөс 18,877,270,660 (Арван найман тэрбум найман зуун далан долоон сая хоёр зуун далан мянга зургаан зуун жаран төгрөг)-ний хавсралтад дурдсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар холбогдох хууль тогтоомжийн дагуу авсан нь үнэн болно" гэх утга агуулга бүхий Хөгжлийн банкнаас "Хаан" банк руу илгээсэн гэх албан бичгийг хуурамчаар үйлдсэнийг тогтоожээ.

Хэдийгээр хуурамч бичиг баримт үзүүлсэн, бүр зарж буй байранд нь орж сонирхсон ч иргэн Ч байрны гэрчилгээг харах хүртлээ мөнгө шилжүүлэхгүй гэсэн төдийгүй Хөгжлийн банк дээр өөрийн биеэр очиж, хуульчаас нь зөвлөгөө авчээ. Хөгжлийн банкны хуульч Д.Оргил түүнд үзүүлсэн бичиг баримт хуурамч буюу тус банкнаас ийм албан бичиг явуулж байгаагүйг, өр төлбөрт хурааж авсан гэх байрыг зах зээлийн ханшнаас хямд зараагүйг тайлбарласнаар Ч-г хохирогч болохоос хамгаалжээ.

"Эгч нь ардаа танилтай хүн. Цагдаад хандвал юу ч олж долоохгүй шүү" 

Гэвч зарим хүн Ч шиг сэрэмжтэй байсангүй. Зөвхөн өөрт нь ирсэн аз, завшаан гэж ойлгуулсан "үлгэрт" итгэснээр мөнгөө өгсөн нь ч бий. Нэгэнт байрныхаа төлбөрийг төлсөн ч Хөгжлийн банктай холбоотой асуудлын улмаас гэрчилгээ нь гарахгүй удаж байгаа талаар банкны хуульчидтай уулздаг. Ингээд зальдуулсан гэдгээ мэддэг ч тэдний олонх нь итгэдэггүй талаар тус банкны хуульч Д.Оргил онцолсон. 

Тэрбээр хохирсон иргэдэд цагдаад гомдол гаргаж, шүүхээр явахыг зөвлөдөг ч тэдний зарим нь огт итгэдэггүйг хэлсэн юм.   

Иргэн Д орон нутгаас шилжиж ирээд удаагүй нэгэн. Дүүтэйгээ хамт байх байр авах боломж хайсан тэр дээрх хэргийн дараагийн хохирогч нь болжээ. Зальдуулснаа мэдсэн Д мөнгийг нь өгөхгүй бол хуулийнханд хандахаа хэлэхэд тал мөнгийг нь буцааж өгсөн байна. Ингэхдээ "Үлдэгдэл мөнгийг нь удахгүй өгнө. Эгч нь ардаа танилтай хүн. Цагдаад хандвал юу ч олж долоохгүй шүү" гэж сүрдүүлжээ. 

Зальдагч этгээд нь хэн нэгнээс авсан мөнгөө буцааж өгөхдөө өөр хэн нэгнийг хохирогч болгох замаар өрөө барагдуулна. Ийм циклээр тэр дараагийн хохирогчоо хайдаг. Гэвч хууль зөрчиж буй уг үйлдлийн ард заавал хэн нэгэн хүн хохирно.

Хохирогчид тухайн оршин суугаа газартаа гомдол гаргадаг. Олон газар шалгагдаж байгаа ч нэгдсэн мэдээлэл байдаггүйгээс уг хэргийн улмаас хэчнээн хүн хохирч байгаа талаар нэгдсэн мэдээлэл байдаггүй. Тэр ч бүү хэл уг хэрэгт гэрч болох хүнээс мэдүүлэг авахаар цаг тохирсон ч дахиж холбогдолгүй талаар иргэд ярьж байв. 

Уг хэргийг нэг хүн үйлдэхгүй нь тодорхой. Сэжигтний хамсаатан байж болохуйц хүмүүсийн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг. Гэвч албаны хүмүүсийн өгдөг ганц хариулт нь "Шалгах ажиллагаа явагдаж байна" гэдэг. Уг нь тус байгууллагаас хэрэгт холбогдолтой бүх мэдээллийг өгч, хамтран ажилладаг боловч шалгах явц удаашралтай байдагт гайхаж байгаагаа ярьж байв.

Энэ хэргийн талаар Хөгжлийн банкнаас гаргасан гомдлыг шалгаж буй цагдаагийн алба хаагчаас утсаар тодруулга авахад "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Д.Оргил: Эхний хохирогчид нь дараагийн хүнээ олж өгөх ч тохиолдол гарч байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бид уг асуудлаар Хөгжлийн банкны хуульч Д.Оргилтой уулзаж ярилцлаа. 

- Анх хэзээнээс ийм хэрэг гарах болсон бэ?

- Хамгийн анх 2023 оны наймдугаар сард нэгэн иргэн манай банканд хандаж "Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Д.Дэлгэрсайхан танаа" толгой гарчигтай "Барьцаа чөлөөлөх тухай" бичиг гэсэн гаргасан эсэхийг лавлаж тодруулсан юм. 

Энэ асуудлыг бид судлаад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, нэг метр квадратыг маш хямд үнээр буюу ₮1.5 сая төгрөгөөр борлуулж буй залилангийн шинжтэй байсан тул тухайн оныхоо аравдугаар сард цагдаагийн байгууллагад хандсан. 

Ингээд хэсэг хугацааны дараа дахиж өөр бичиг гарч ирсэн. Энэ удаад манай банкнаас "Хаан" банк руу илгээсэн тодорхойлолт маягийн албан бичгийн талаар лавласан нэгэн иргэн бидэнд хандсан юм. Уг албан бичгийг шалгаж үзэхэд манай зүгээс гаргасан бичиг биш, хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. 

Үүнтэй холбоотойгоор иргэдийг хууран мэхлэх үйлдэл гарч байж болзошгүй тул манай байгууллагаас өнгөрсөн хугацаанд нэг бус удаа мэдэгдэл гаргасан юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагад ч хандаж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлсэн. Үүний дараа манайх руу маш олон хүн холбогдсоноос зарим нь мөнгө шилжүүлсэн ч гэх хүмүүс ч нэмэгдсэн.

Иргэдийн зарим нь бүр манай борлуулж буй эзэнгүй байрыг орж үзсэн гэж ярьсан. Зальдагч этгээдүүд иргэдийн итгэлийг олж авахын тулд манай байрны цоожны голыг гаднаас нь эвдээд сольсон болохыг өнгөрсөн тавдугаар сард мэдээд уг асуудлаар бас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа.

- Зальдагч этгээд нь хохирогчдоо яаж олдог вэ?

- Бидний таамаглаж байгаагаар ихэнхдээ танилын шугамаар холбогддог. Тухайн байр сонирхож буй иргэнд татгалзахын аргагүй санал тавьж, анхаарлыг нь татна. Манайх зах зээлийн ханшнаас арай хямд борлуулдаг ч бүр тэгтлээ хямдрах боломжгүй. Тухайн иргэнд хэдэн төгрөг байгаагаас үл хамааран залилах аргаа хэрэглэдэг. Тухайлбал 10 сая төгрөгтэй байлаа гэхэд урьдчилгаанд энэ мөнгөө хийчих, үгүй бол өөр хүн худалдаж авах гэж байна гэж яаруулдаг. 

Тухайн хүнд нь таарсан таатай нөхцөлийг санал болгодог учраас хохирогч нь залилуулж байгаагаа мэддэггүй. Зөвхөн тухайн хүнд л тохиолдож буй алтан боломж мэтээр ойлгуулдаг учраас иргэдийн итгэлийг олдог. 

Мөн эхний хохирогчид нь дараагийн хүнээ бэлдэж өгсөн тохиолдол ч гарсан. Иргэд манай байгууллага дээр ирээд зальдуулснаа мэдэнгүүтээ мөнгөө буцааж авах шаардлагыг зальдагч этгээдэд тавьдаг. Хохирогч цагдаад хандах гэхээр мөнгийг олж өгөхөө амлаад хугацаа хойшлуулдаг. Зальдагч этгээд өмнөх хүнийхээ мөнгийг олж өгөхийн тулд дахин шинэ хүнийг залилах шаардлагатай болно. Ингээд эхний хүн мөнгөө олж авахын тулд өөртэйгөө ижил байр хайж буй танилдаа хямдхан байр зарж буй хүн байна гэх мэтээр зальдагч этгээдтэй холбож өгсөн ч тохиолдол бий.

Байр авахаар сонирхож буй иргэд илүү сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Залилагчаас тавьж буй нөхцөлүүд хэр бодитой вэ гэдгийг зах зээлийнх нь үнэлгээтэй уялдуулж бодох ёстой. ₮1.5 саяар зарж байгаа байр байлаа гэж бодъё. Гэтэл тухайн иргэнд 100 сая биш 50 сая төгрөг байгааг мэдэнгүүтээ залилагч этгээдийн тавьж буй нөхцөл шууд өөрчлөгддөг. Ингэж амархан нөхцөлөө өөрчилдөг наймаа гэж байхгүй.

"Иргэд илүү сонор сэрэмжтэй байх шаардлагатай"

- Танай байрнууд зах зээлийн ханшнаас үнэ хямд байдаг уу? 

- Ер нь зах зээлийн ханштай харьцуулахад арай бага үнээр борлуулдаг. Гэхдээ бүр үлгэрийн бага үнэ бол биш. Яармаг хавьд зарж байгаа ашиглалтад орсон байрны үнэлгээ ₮4 сая төгрөг байгаа бол манайх ₮3.5 саяар борлуулдаг гэж ойлгож болно. Энэ бол бидний хувьд зарж чадах хамгийн доод үнэ. Гэтэл залилагчийн хохирогчдод санал болгож буй үнэ үүнтэй харьцуулахад маш бага. 

Эхлээд нэг метр квадратыг ₮1.5 саяар зарж байна гэдэг ч зарим тохиолдолд бүр ₮1 сая гэж хэлдэг тохиолдол ч байна. Ийм үнээр байр зарж байгаа газар Улаанбаатар хотод хаана ч байхгүй. Хохирогчид нь яагаад хямдхан байгаа юм бэ гээд гайхаад асуухаар Хөгжлийн банкнаас өр төлбөртөө хурааж авсан байр гэдэгт хүмүүс итгэчихдэг. 

Үнэхээр хямдхан үнэтэй байр зарж байлаа гэж бодъё. Тэгвэл тухайн хүнд уг байрыг зарах эрхтэй гэсэн нотлох баримт байх ёстой. Уг байрны эзэмшигч мөн гэсэн гэрчилгээ, эсвэл өөр ямар нэгэн баримт бичиг байх учиртай. Гэтэл тийм зүйл үзүүлдэггүй. Дээр үзүүлсэн хоёр, гурван бичгийг л үзүүлээд яваад байдаг. 

Тэр бичиг нь хуурамч, бас тухайн залилагч уг байрыг зарах эрхтэй гэдгийн нотлох баримт биш. 

Мөн манай банктай холбоотой байрыг сонирхож байгаа бол бидэнтэй ирж уулзаж, зөвлөгөө авах ёстой юм. Хэрэв та хохирсон бол бидэнтэй холбогдож мэдээлэл өгөөрэй.