Уншиж байна ...

3R Гэр бүлийн өдөрлөг маргааш болно

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

World CleanUp Day буюу Эх дэлхийн цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан хариуцлагатай хэрэглээ, хог хаягдлын талаар мэдээлэл хүргэх, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “3R гэр бүлийн өдөрлөг” 9 сарын 21-ний Бямба гарагт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр хог хаягдлын боловсролын талаарх сонирхолтой өртөөчилсөн тоглоомууд болон дахин ашиглалт, дахин боловсруулалттай холбоотой олон төрлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Өөрт хэрэггүй ч бусдад хэрэг болох боломжтой хүүхдийн тоглоом, ном, хувцас зэргийг хандивлах, солилцох боломжтой бөгөөд дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцаж, ус ундааны сав, шил, лааз, картонон хайрцаг, багцлагч уут зэрэг ангилсан дахивруудаа эдгээр үйлдвэрүүдэд түүхий эд болгон хандивлах боломжтой юм.
зураг
 

Өглөөний 10:00 -16:00 цагийн хооронд үргэлжлэх өдөрлөгийн үеэр хог хаягдлаар гар урлалын бүтээл хийх, цаасыг гэрийн нөхцөлд дахин боловсруулах, мод үрсэлгээ суулгах зэрэг сонирхолтой эко воркшопууд явагдана.

“Хог хаягдлаа багасгая, Дахин ашиглая, Дахин боловсруулъя” уриатай энэхүү үйл ажиллагааг Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар, “Монгол улс дахь хуванцар дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”, Каритас Чех Репаблик ОУБ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, CleanUp Mongolia хөдөлгөөнөөс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд байгаль орчин, хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллага нэгдэн оролцож байна.

Мөн түүнчлэн энэ өдөр “Хуванцраа багасгая” сошиал рийл уралдааны шагнал гардуулах бөгөөд хаягдлаар хийсэн амьд хөгжмийн үзүүлбэр, мэдлэг шалгах QUIZ тэмцээн, Бүтээлч Бамбүү театрын Хуванцрын адал явдал жүжиг, CleanUp Day өдөрлөгт нэгдэн Туул гол болон Сэлбэ гол орчмын цэвэрлэгээнд гар бие оролцсон сайн дурын залуусын дуу хоолойгоо өргөх нээлттэй микрофон зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.  

Улаанбаатар хотын хог хаягдлын асуудалд санаа зовнидог, шийдэлд хувь нэмэр оруулахыг хүсдэг, соёлтой, хариуцлагатай нийслэлчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: www.facebook.com/share

зураг
 

Монгол улсын хог хаягдлын салбарын өнөөгийн асуудал

Хотжилт, үйлдвэржилт болон хуванцар савлагаатай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын менежмент нь Монгол улсад тулгамдсан том асуудал болоод байна. 2022 оны байдлаар Монгол улс нэг хүнд ноогдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийн 192 орноос 9-р байранд жагссан таагүй үзүүлэлт гарсан билээ.

Дэлхий дахинаа хуванцар хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа ерөнхий дүр зураг  байгаа ч манай улсын хувьд гол анхаарал хандуулах асуудал нь эдгээр хаягдлаа эргээд дахин боловсруулж буй хэмжээ нь бусад улстай харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотод жилд дунджаар 258 000 тонн хуванцар хаягдал үүсдэг бөгөөд үүний 90% нь шууд хаягдаж, 10% нь дахин боловсруулагдсан байна. Эдгээр шууд хаягдал болсон хуванцар нь 400-1000 жилийн дараа бүрэн задрах хүртлээ хөрс, орчны бохирдлыг үүсгэсээр байдаг. Улмаар хүнсний сүлжээгээр дамжин бичил хуванцар байдлаар хүний биед шингэж, урт хугацаандаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим төрлийн хорт хавдар үүсгэгч болж байна.

Тиймээс, анхнаас нь хуванцар хаягдлыг аль болох үүсгэхгүй байх, хэрэв тодорхой хэмжээнд үүсгэлээ гэхэд түүнийгээ ялгаж, ангилж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд дахивар болгон өгдөг дадал зуршилтай болох нь хог хаягдлыг бууруулахад хувь иргэн хүний зүгээс хийх хамгийн чухал алхам юм.

Төслийн талаарх ерөнхий мэдээлэл

“Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл нь БЖДҮ-үүдэд тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн (ТХҮ) практик арга барилыг нэвтрүүлэхийг дэмжиж, ТХҮ-ийн загварыг сурталчлах ба Үндэсний ТХҮ-ийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлж, ТХҮ-ийн үр ашгийг хүртэхэд оролцогч талуудад туслах таатай орчинг бүрдүүлэх замаар Монгол улсын ногоон эдийн засгийн хөгжил цэцэглэлт, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Төслийг  Каритас Чех Репаблик (КЧР) ОУБ Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ) ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. 

***

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Батзоригийн Санчиргарав | Төслийн менежер

Каритас Чех Репаблик ОУБ | “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл

Утас: +976 88806525

Э-шуудан: sanchirgarav.batzorig@caritas.cz

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.