Уншиж байна ...

Украины арми Тверь муж дахь зэвсгийн агуулахыг дэлбэлсний үр дүнд Оросын арми хоёр сарын сумны нөөцөө алдсан гэнэ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Украины нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас ОХУ-ын Тверь мужийн нутагт оршдог зэвсгийн томоохон агуулах дэлбэрсэн билээ.

Тэгвэл энэ халдлагын үр дүнд Оросын арми хоёр сарын сумны нөөцөө алдсан гэж үзэж байгаагаа Эстони улсын цэргийн тагнуулын албаны тэргүүн, хурандаа Антс Кивиселг өчигдөр мэдэгджээ.

Түүний мэдээлснээр Торопец хотын агуулах шатаж, дэлбэрэхэд нийтдээ 30 мянган тонн жинтэй 750 мянга орчим ширхэг сум устгагдсан гэнэ.

Оросын арми Украины фронт дээр долоо хоногт дунджаар 10,000 сум хэрэглэдэг гэж Кивиселг тооцсон байна.

“Энэ бол хоёроос гурван сарын хугацааны нөөц юм. Ирэх долоо хоногоос бид энэхүү хохирлын үр дагаврыг харах болно” гэж хурандаа ярьжээ.

Есдүгээр сарын 18-ны шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд Торопец дахь зэвсгийн агуулахад довтлоход асар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас газар хөдлөлтийг бүртгэх станцуудад 2.8 баллын чичиргээ мэдрэгдсэн юм.

Бас NASA-гийн хиймэл дагуулын мэдрэгчид тухайн газраас асар өндөр халалт бүртгэгджээ.

Маргааш нь ОХУ-ын онцгой байдлын яам болсон явдлын зураг, дүрс бичлэгийг тараахгүй байхыг орон нутгийн иргэдэд анхааруулж, зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байв.

Ийм материал интернэт орчинд тараах нь дайсанд тусалснаас ялгаагүй үйлдэл болохыг Торопец хотын захиргаа бас давхар анхааруулсан юм.

 

Эх сурвалж: err.ee