“Монголын Алт” (МАК) ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд төдийлөн хүртээмжтэй байж чаддаггүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоог орон нутгийн иргэдэд үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж буй таван сумандаа “Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулжээ. Тодруулбал, энэ сарын 9-19-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Баянжаргалан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 900 гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулсан байна.
Өдөрлөгийн үеэр хэвлийн эхо, сахар, эрдсийн шинжилгээ, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий индекс тодорхойлолт зэрэг таван төрлийн үзлэг, оношилгоог мэргэжлийн эмч нарын багтай хамтран үзүүлсэн байна. Үзлэгт хамрагдсан 900 гаруй иргэний 85% нь ясны сийрэгжилттэй, 73% нь эрдсийн дутагдалтай гэж оношлогдсон байна. Түүнчлэн элэгний хавдрын 7, бөөрний хавдрын 1, бэтэг өвчний 5 тохиолдол илрүүлж яаралтай нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах зөвлөгөөг өгсөн байна. Үүнээс гадна, үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 30 орчим хувь нь цөсний чулуутай байгааг оношилсон бол 27 хүн бөөрний чулуутай байгааг тогтоожээ.
Иргэдийн дунд элэг, бөөр, цөс, нойр булчирхайн өвчлөл түгээмэл байгааг эмч нарын зүгээс анхааруулж байна. Үүнд тухайн орон нутгийн ундны ус, уламжлалт хоол хүнсний хэрэглээ зэрэг нөлөөлж болох ч иргэд эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлж, хооллолтдоо анхаарч, тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдаж байх нь нэн чухал байгааг онцоллоо.
МАК компани хувд эрүүл мэнд, боловсролын салбарт чиглэсэн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого баримталдаг бөгөөд энэ төрлийн үзлэг, оношилгоог цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээлсэн юм. Мөн тус компани өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй сум, орон нутагтаа олон улсын жишигт нийцсэн сургууль, цэцэрлэг, дотуур байр барьж, нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 50 гаруй тэрбум төгрөгийн 100 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!