ITA буюу олон улсын допингийн агентлагаас Парисын олимпын үеэр допинг илэрсэн тамирчдын нэрсийг албан ёсоор зарлажээ.
Одоогийн байдлаар олимпод оролцсон таван тамирчнаас хориотой бодис илэрсэн байна.
Тодруулбал Иракийн жүдоч Сажжад Ганим Сехен, Афганистаны Мохаммад Самим Файзад, Нигерийн боксчин Синтиа Темитая Огунсемилор, Конгогийн гүйгч Доминик Ласкони Муламба, Боливын усанд сэлэгч Мария Хосе Рибера Пинто нар допингийн шинжилгээнд бүдэрчээ.
Энэ тоог 2021 оны олимптой харьцуулахад нэгээр цөөн ч гэлээ шинжилгээнд хамрагдсан тамирчдын тоо өмнөх олимпоос дөрвөн хувиар нэмэгдсэнийг ITA онцолжээ.
Парист болсон олимпод 4,770 тамирчнаас шээс болон цусны шинжилгээ авчээ. Энэ нь нийт тамирчдын 39 хувь болж байгааг албаныхан мэдэгдсэн юм.
Мөн олимпод хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон АНУ, Франц, БНХАУ, Австрали зэрэг багийн төлөөлөгчид шинжилгээнд хамгийн олон удаа хамрагджээ. Түүнчлэн хөнгөн атлетик, усан спорт, дугуй, бөхийн төрлүүдийн тамирчид хамгийн олон удаа допингийн шинжилгээ өгсөн аж.
Гэхдээ олимпод авсан шинжилгээний дээжийг урт хугацаагаар хадгалж, хориотой бодисын жагсаалт шинэчлэгдэх бүрд нягталдаг билээ.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!