Уншиж байна ...

Майкрософт компани хиймэл оюуны технологидоо цөмийн цахилгаан станцыг ашиглахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын түүхэнд хамгийн том цөмийн осол гаргаж байсан Пенсильвани мужийн “Three Mile Island” станц Майкрософт компанийн хиймэл оюуны технологийг эрчим хүчээр хангах зорилгоор дахин нээгдэх болсон байна.

Шинэчлэн сайжруулсан станц 2028 онд дахин нээгдэх бөгөөд Майкрософт компанид 20 жилийн турш эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Гэхдээ энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын засаг захиргааны холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой юм байна.

Станцыг эзэмшигч Constellation Energy компани дахин ажиллуулж эхлэх реактор нь 1979 онд осолдсон реактортай зэрэгцэн оршдог ч “бүрэн хамааралгүй” ажиллахыг мэдээлжээ.

1979 оны ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй ч Америкийн олон нийтийн дунд томоохон айдас, эргэлзээ бий болгож, тус улсын цөмийн эрчим хүчний хөгжлийг олон жилээр зогсоосон юм.

Харин сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цөмийн эрчим хүчний сонирхол сэргэж байгаа. Бас хиймэл оюуны дата төвүүдийн эрчим хүчний өндөр эрэлт хэрэгцээ үүнд нөлөөлж байна.

Constellation Energy компанийн гүйцэтгэх захирал Жо Домингез өчигдөр мэргэжилтнүүдтэй уулзахдаа энэ гэрээг “цөмийн эрчим хүч цэвэр, найдвартай эх үүсгүүр болон дахин сэргэж буйн бэлэг тэмдэг” гэж тодорхойлжээ.

“Эдийн засгийн хүндрэлийн улмаас зогсохоосоо өмнө энэ станц манай улсын эрчим хүчний сүлжээний хамгийн найдвартай эх үүсгүүрүүдийн нэг байсан юм. Бид станцаа шинэ нэр, шинэ зорилгын дор дахин сэргээх цагийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэр хэлсэн юм.

1979 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хүний буруутай үйлдэл болон механик гэмтэл давхацсаны улмаас уг станц хэсэгчлэн сүйрч байжээ.

Осол тухайн өдрийн 04:00 цагийн үед “Three Mile Island” станцын хоёрдугаар блокт гарсан юм.

Майкрософт компанид эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулсан нэгдүгээр блок 2019 он хүртэл эрчим хүч үйлдвэрлэсээр байжээ.

Тухайн үеийн эзэмшигч Exelon компани байгалийн хийн олборлолтын зардал бага байгаа нь станцын үйл ажиллагааг ашиггүй болгож буйг мэдээлж байсан юм.

2022 онд Exelon цөмийн эрчим хүчний бизнесээ Constellation Energy компани болгон салгаж байжээ.

Одоо уг станцыг сэргээн засварлахад $1.6 тэрбумыг зарцуулж, 2054 он хүртэл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа юм байна.

Үүний үр дүнд шууд ба шууд бус 3,400 ажлын байр бий болж, төвийн сүлжээнд 800 мегаватт цэвэр эрчим хүч нийлүүлдэг болох гэнэ.

Майкрософт ийм гэрээ байгуулсан анхны технологийн компани биш юм. Энэ оны эхээр Амазон компани бас дата төвүүдээ эрчим хүчээр хангах гэрээг цөмийн цахилгаан станцтай байгуулж байжээ.

 

Эх сурвалж: BBC