Уншиж байна ...

Кувейт улсад зуны улиралд “гадаа гарах” гэдэг ойлголт байхгүй болж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүнд нэрвэгдэж буй улс Ойрх Дорнодын Кувейт болоод байна.

Зуны улиралд тус улсад агаарын температур Цельсийн 50 хэм хүрдэг болж, өдрийн цагаар гадагш гарах, ажиллах бараг боломжгүй болжээ.

Ирэх 50-75 жилийн дотор Кувейт улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг хүн амьдрах боломжгүй болно гэж зарим судлаачид үзэж байна.

Газрын тосоор баян тус улсын чинээлэг иргэд одоохондоо зуны улирлыг сэрүүцүүлэгчтэй гэр, автомашин, үзвэр үйлчилгээний газрууд гэсэн хүрээнд өнгөрөөдөг болжээ.

“Гадаа гарах гэдэг ойлголт бараг байхгүй болсон” гэж Кувейтийн архитектор Шарифа Алшалфан хэвлэлд ярьсан байна.

зураг
 

2016 онд тус улсын Митриба дахь цаг уурын станц Цельсийн 53.9 хэмийн температур бүртгэсэн нь дэлхийд гуравт орох өндөр халалт байжээ.

Калифорнийн Үхлийн хөндийд 1913 онд Цельсийн 56.7 хэм, Тунисийн Кебилид 1931 онд 55 хэм хүрсэн нь үүний өмнө орох халалтууд болохыг Дэлхийн Цаг Уурын Байгууллага баталж байна.

Энэ оны тавдугаар сард Кувейтэд 50 хэм хүрч халсан нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн эрт ийм хэмжээнд халсан тохиолдол болж байв.

Энэ үеэр шувууд олноор үхэж, ухаан алдсан золбин мууруудыг малын эмнэлэгт хүргэж байжээ.

Хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн загаснууд далайн эрэгт олноор илэрсэн байна.

Халуунд тэсвэртэйд тооцогддог дал моднууд хүртэл үхэж байжээ.

Хэт халалт хүмүүсийн эрүүл мэндэд ч бас аюул учруулж байна.

Цельсийн 40-өөс дээш хэмийн халуунд хэдэн цаг байсан эрүүл хүн ч үхэх боломжтойг German Alliance on Climate Change and Health байгууллагын судлаач Андреа Накоинз баталж байна.

1938 онд илэрсэн газрын тосны дэлхийд томд орох нөөц Кувейт улсын эдийн засгийн гол тулгуур болдог.

Гэсэн хэдий ч тус улс 2030 он гэхэд эрчим хүчнийхээ хэрэгцээний 15 хувийг сэргээгдэх эх үүсгүүрээс хангах зорилт тавьж байв.

Харамсалтай нь саяхны судалгаагаар энэ хэмжээ одоогоор дөнгөж 0.2 хувьтай байгаа нь тогтоогджээ.

Газрын тосны арвин нөөц нь тус улсыг сэргээгдэх эрчим хүчинд шилжихэд саад болж байна.

Одоо тус улсад нэг литр бензиний үнэ $0.34 орчим байдаг.

Тиймээс иргэд нь автомашинаа зогсоолд тавихдаа хүртэл сэрүүн байлгахын тулд хөдөлгүүрээ унтраадаггүй.

Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн гол хохирогч хүн амын ядуу буурай хэсэг болдог жишиг энд ч бас үйлчилж байна.

Кувейтийн хүн амын гуравны хоёр нь Энэтхэг, Шри Ланка зэрэг улсаас ирсэн цагаач ажилчид байдаг.

Амьжиргаагаа залгуулахын тулд ямар ч нөхцөлд гадаа ажилладаг тэд цаг агаарын эрс тэс үзэгдлийн гол хохирогч болохоор байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхааруулж байв.

 

Эх сурвалж: DPA