Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын “Бурхан бологсдыг дурсах өдөр-2024”-ийг тохиолдуулан мод тарих үйл ажиллагаа зохион байгуулна

ikon.mn
2024 оны 9 сарын 22
ikon.mn
Зураг зураг

Олон улсын “Дурсах өдөр”-ийн арга хэмжээг анх Өмнөд Америкийн оршуулгын холбооноос /ALPAR/ санаачилсан бөгөөд 2012 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ өдрөөр хорвоог орхин одсон өвөг дээдэс, хайртай дотны хүмүүсээ дурсан санаж, өвөг дээдсийнхээ хэлсэн үг, захисан сургаалыг санан дурсаж тэдэндээ хүндэтгэл илэрхийлдэг өдөр юм.

Энэ өдөр нь жил бүрийн есөн сард тохиодог өдөр бөгөөд тус өдрийг дэлхий даяар 28 улс, 54 хот, 90 мянга гаруй хүмүүс нэгдэн тэмдэглэдэг байна.

Монгол улсад уг арга хэмжээг 2015 оноос эхлэн “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ санаачлан буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран жил бүр тогтмол зохион байгуулдаг.

зураг
 

Улс орон бүр “Дурсах Өдөр”-ийг тухайн улс орнуудын ёс заншилтай уялдуулан янз бүрээр тэмдэглэдэг. Ихэвчлэн бурхан болоочийг нутаглуулсан газарт нь ар гэрийнхэн нь ирж тэдэндээ талархлын үгээ илэрхийлэх, талархал, сэтгэлийн үгээ бичсэн бөмбөлөг хөөргөх, мод тарих, дурсамж яриа ярих, тагтаа хөөргөх, зул өргөх, бага хэмжээний концерт зохион байгуулж тэдэндээ талархал илэрхийлэн магтан дуулах зэрэг янз бүрээр тэмдэглэдэг.

Энэ жилийн хувьд “Улаанбаатар буян” ХХК-ийн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Баруун буяны төв цогцолборт зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд уламжлал болсон буяны ном уншлага, зул өргөх, цахим эргэлт хийхээс гадна “Эерэг дурсамж, сэтгэлийн тайтгарал” сэдвээр сэтгэл судлаач илтгэл тавьж, халин одсон хайртай дотны хүндээ захидал бичин гал мандлаар дамжуулан сэтгэлийн үгээ илгээх “Тэнгэрт илгээх захидал” арга хэмжээг зохион байгуулна.

Түүнчлэн, ногоон хөгжлийг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дадлыг дэмжин хэвшүүлэх зорилгоор компани нийгмийн хариуцлагын хүрээнд оршуулгын газрын эрүүл ахуйн бүсийг ойжуулах Нэг мод–нэг чандар санаачилга гаргасан ба бид ойрын 3 жилийн хугацаанд хамгаалалтын бүсэд хамаарах 2.5 га талбайг тохижуулж, 9 төрлийн 3066 мод, бутыг талийгаачийн ар гэрийн оролцоотойгоор тарьж, ургуулахаар төлөвлөж байна.

зураг
 
Энэ жилийн тухайд Дурсах өдрийг тохиолдуулан эхний ээлжид 5 төрлийн 490 ш мод, бутыг тарих юм.  Иймд  бурханы оронд байгаа хайртай хүндээ зориулж буян үйлдэхийг хүссэн хүмүүсийг ирж мод тарихыг урьж байна.

Оршуулгын зан үйл тэр дундаа бурхан бологсдын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн залрахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг байдаг.

Түүнчлэн өвөг дээдсийн захиас, сургаалыг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой. Бурхан бологсдодоо хэдий чинээ хүндэтгэлтэй хандаж, зөв сэтгэл тээн хоцрох нь тухайн айл өрхийн амьдрал дэгжин дээшлэх үндэс болдог гэж Монголчууд үздэг. Тиймээс жил болгон зохион байгуулах өдөрлөгт нийслэлчүүд та бүхнийг хүндэтгэлтэй хандаж өргөнөөр оролцохыг хүсье.