Уншиж байна ...

Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын нутаг дэвсгэрт оршдог хоёр зэвсгийн агуулахыг дэлбэлжээ

Т.Давааням, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын баруун болон өмнөд хязгаарт оршдог зэвсгийн хоёр агуулахыг дроны цохилтоор дэлбэлснээ Украины зэвсэгт хүчин Бямба гарагт мэдээлжээ.

Тухайлбал өмнөд бүсийн Краснодар мужийн Тихорецк хотын ойролцоох агуулах уг халдлагад өртсөн байна. Украины тал уг байгууламжийг Оросын хамгийн том гурван зэвсгийн агуулахын нэг гэж тодорхойлжээ.

Оросын баруун бүсийн Тверь мужийн нутагт оршдог хоёр дахь агуулах бас дроны халдлагад өртсөн байна.

Тверь, Краснодар мужийн эрх баригчид газар нутагт нь нисгэгчгүй онгоц довтолсныг хүлээн зөвшөөрсөн ч ямар хохирол учирсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тихорецк хотын ойролцоо гал түймэр гарч, хүчтэй дэлбэрэлт болсон тул ойролцоох тосгодын 1,200 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлснээ Краснодар мужийн захирагч Венямин Кондратев мэдээлжээ.

Сүүлд тэр 50,000 орчим оршин суугчтай Тихорецк хотод онц байдал зарласнаа бас мэдээлсэн юм.

Украины газар нутгаас Азовын тэнгисээр тусгаарлагддаг Краснодар муж дайны эхний үед харьцангуй тайван газар нутагт тооцогддог байв.

Гэвч сүүлийн нэг жил орчим хугацаанд тус бүс нутгийг чиглэсэн дроны халдлага эрчимжсэн юм.

Өчигдөр Тверь мужийн эрх баригчид Торопец хотын ойролцоо Украины нисгэгчгүй онгоц довтолсны дараа муж хоорондын гол  хурдны замыг түр хааж байгааг зарлажээ.

Үүнтэй зэрэгцэн фронтын шугамын нөгөө талд бас Оросын агаарын довтолгооны улмаас хохирол учирсан байна.

Бямба гарагийн шөнө төв Украины Кривой Рог хотын амины орон сууцнууд Оросын пуужингийн цохилтод өртсөн байна.

“Кривой Рог хотод 12 настай хүү Оросын пуужингийн цохилтод амиа алдлаа. Бас 75 ба 79 настай хоёр эмэгтэй энэ үеэр амь үрэгдсэн” гэж Днипропетровск мужийн захирагч Сергей Лисак сошиал хуудсаараа мэдээлжээ.

Энэ үеэр хоёр айлын амины орон сууц бүрэн сүйрч, 20 гаруй айлын сууц, нэг сургуулийн барилга бас гэмтсэн гэнэ.

Кривой Рог бол Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн төрсөн хот бөгөөд энэ утгаараа дайны турш Оросын агаарын довтолгоонд өртсөөр ирсэн юм.

Зеленский ирэх долоо хоногт АНУ-д айлчилж, 31 сар үргэлжилж буй дайныг төгсгөх төлөвлөгөөгөө ерөнхийлөгч Байдены засаг захиргаанд танилцуулах гэж байгаа үетэй энэ үйл явдал давхцаж байна.

Өчигдөр бас Украины өмнөд бүсийн Херсон мужийн нутагт Оросын нисгэгчгүй онгоц халдах үеэр хоёр хүн шархадсаныг Киеийн албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP