Уншиж байна ...

Ливаны пэйжерийн дэлбэрэлттэй нэр холбогдсон нууцлаг эмэгтэйн тухай

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрч буй долоо хоногт Ливаны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хезболла зэвсэгт байгууллагын гишүүдийн дотоод харилцаа холбоондоо ашигладаг пэйжерүүд нэг зэрэг дэлбэрсний улмаас олон мянган хүний амь нас, эрүүл мэнд хохироод байгаа.

Үүнийг Израилийн тусгай албадын явуулсан ажиллагаа гэж олон хүн үзэж байгаа ч Израилийн эрх баригчид энэ талаар огт ам нээхгүй байна.

Харилцаа холбоондоо гар утас ашиглах нь аюултай болсон тул Хезболла хэдэн сарын өмнө хуучирч, ашиглалтаас гарсан технологи болох пэйжерийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байжээ.

Тэдний хэрэглэдэг пэйжерүүдийг Унгарын BAC нэртэй компани нийлүүлсэн гэсэн мэдээлэл тараад байгаа.

Тэгвэл энэ компанийг эзэмшигч нэгэн нууцлаг эмэгтэй олны анхаарлын төвд ороод байна.

Будапешт хотод бүртгэлтэй BAC Consulting компанийг Итали-Унгарын иргэний харьяалалтай, 49 настай Кристиана Барсони-Арчидиаконо хэмээх эмэгтэй эзэмшиж, үйл ажиллагааг нь удирддаг ажээ.

Түүнийг долоон хэл эзэмшсэн, цөмийн физикийн PhD цолтой, Будапешт хот дахь гэрээ өөрийн зурсан нүцгэн биеийн уран зургуудаар чимэглэсэн байдаг, Африк, Европын орнуудад хүмүүнлэгийн олон үйл ажиллагаанд оролцож байсан гэх мэт мэдээллүүд хэвлэлээр тараад байна.

BAC компани пэйжерийн лиценз зөвшөөрлийг анхны үйлдвэрлэгч Тайванийн Gold Apollo компаниас авсан тухай мэдээ цацагдсаны дараа Арчидиаконо NBC News сувагт тодруулга өгөхдөө түүний компани үйлдвэрлэл явуулдаггүй, зөвхөн борлуулдаг тухай ярьж байжээ.

“Би бол зөвхөн дундын зуучлагч. Та нар буруу ойлголттой байна” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

Энэ тодруулгын дараа Арчидиаконо дахин олон нийтийн өмнө ил гараагүй байна.

Хөршүүд нь түүнийг гэртээ үзэгдэхээ больсныг баталжээ.

Түүний ээж Беатрикс Барсони-Арчидиаконо охин нь аюултай байдалд орсон тул Унгарын тусгай албадын хамгаалалтад байгаа тухай мэдээлсэн байна.

“Унгарын тусгай албад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцахгүй байхыг түүнд зөвлөсөн гэсэн” гэж тэр Сицили арал дахь гэрээсээ утсаар тодруулга өгсөн юм.

Унгарын албаныхан одоогоор Арчидиаконогийн тухай мэдээлэл өгөхгүй байна.

Танилууд нь түүнийг оюуны гайхалтай өндөр чадавхтай ч нэг ажилд удаан тогтдоггүй хүн гэсэн тодорхойлолт өгчээ.

2000-аад оны эхэн үед тэр Коллеж Лондон Их сургуульд цөмийн физикийн PhD цол хамгаалсан тухай мэдээлэл бий. Гэхдээ шинжлэх ухааны чиглэлээр ажиллаагүй юм байна.

Энэ долоо хоногийн сүүлээр хаагдсан BAC Consulting компанийн вэб сайтад тус компани ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл хомс байсан юм.

 

Эх сурвалж: Reuters