Уншиж байна ...

Индонезын Папуад барьцаалагдсан Шинэ Зеландын иргэн 18 сарын дараа суллагджээ

Т.Давааням, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Индонез улсын алслагдсан Папуа мужийн нутагт салан тусгаарлагч зэвсэгт бүлэгт барьцаалагдаад байсан Шинэ Зеландын нисгэгч 18 сарын дараа суллагдсаныг өчигдөр албаны эх сурвалж мэдээлжээ.

Индонезийн Тимика хотод болсон хэвлэлийн хуралд оролцохдоо Филлип Мэхртэнс өөрийг нь чөлөөлөхөд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлээд “гэртээ харих болсондоо маш их баяртай байгаа”-гаа хэлсэн юм.

Тэрбээр 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр бага оврын нисэх онгоцоор Индонезын алслагдсан уулархаг нутаг Ндугад очоод байхдаа Баруун Папуагийн Үндэсний Чөлөөлөх Арми хэмээх зэвсэгт бүлгийнхэнд барьцаалагдаж байв.

Тэд Папуа мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх талаар Индонезын эрх баригчдад нөлөөлөхийг Шинэ Зеландын засгийн газраас шаардаж байжээ.

Гэвч Мэхртэнсийг барьцаалах замаар ийм шаардлага тулгаад үр дүнд хүрэхгүй нь тодорхой болсон юм.

зураг
 

“Бид Филлип Мэхртэнс аюулгүй байдалд, гэр бүлтэйгээ холбоо барих боломжтой болсныг дуулгахдаа таатай байна. Энэ мэдээ түүний найз нөхөд, ойр дотны хүмүүсийн сэтгэлийг амраах нь гарцаагүй” гэж Шинэ Зеландын гадаад хэргийн сайд Уинстон Питерс мэдэгджээ.

Дэлхийн хоёр дахь том аралд тооцогддог, эрдэс баялгийн арвин нөөцтэй, Холландын колони байсан Шинэ Гвиней арлын баруун хэсэг 1969 оны маргаантай санал хураалтаар Индонез улсын бүрэлдэхүүнд орсон юм.

Баруун Папуаг салан тусгаарлах хөдөлгөөнийхөн энэ санал хураалтыг шударга бус болсон гэж үздэг.

Дээрх салан тусгаарлах хөдөлгөөнийг Индонезын засгийн газар террорист байгууллагад тооцдог юм.

Өнгөрсөн хугацаанд зэвсэгт бүлэглэлийнхэн турж эцсэн Мэхртэнсийн дүрс бичлэгийг хэд хэдэн удаа цацаж байв. Эдгээр дүрс бичлэгүүдэд тэр буу, нум сумаар зэвсэглэсэн хүмүүсийн дунд байгаагаар харагддаг байжээ.

Салан тусгаарлагчид эхэндээ Баруун Папуагийн тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй бол Мэхртэнсийн амийг хөнөөхөөр сүрдүүлж байсан юм.

 

Эх сурвалж: CNN