Балтийн тэнгисийн орнуудын түүхийг гуйвуулсан суртал ухуулга хийж, 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэнтэй адил түрэмгийллийг Оросын тал үйлдэх вий гэсэн болгоомжлол төрөх болсноо Литвийн албаныхан ярьж байна.
Сүүлийн үед Москвагийн зүгээс ийм суртал ухуулгын чанартай мэдээлэл ихээр гарах болсныг Литвийн батлан хамгаалахын сайд, армийн үзэл суртлын албаныхан баталж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Раймундас Кароблис “Тэд манай нийслэл Вильнюсийг дэлхийн нэг ба хоёрдугаар дайны хооронд Польшийн мэдэлд байсан тул Литвийн хот биш гэж ярих боллоо. Мэдээж ийм түүх байсан. Гэвч Оросууд үүнийг ашиглахыг оролдож байна” гэжээ.
Оросын ийм суртал нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр, заримдаа Думын гишүүдийн ярианаас сонсогдох болсон байна. “Тэд одоо Литвийн гурав дахь том хот Клаипедаг хэзээ ч Литвийн нэг хэсэг байгаагүй. Дайны дараа Сталин бэлгэнд өгсөн гэж ярих болсон нь Крымийн түүхийг санагдуулж байгаа юм” гэж сайд мөн ярьсан юм.
Энэ бүхэн нь Крымийг Украинаас булаан эзлэхийн өмнөх суртал нэвтрүүлэгтэй төстэй байгаа нь Литвийн удирдагчдын санааг зовоож байна. Зөвлөлтийн удирдагч Никита Хрушев Крымийг Оросоос Украинд бэлэглэсэн гэх яриа тухайн үед гарч байсан нь Крымийн булаан эзлэлтийг зөвтгөх зорилготой байв.
Одоо Литвийн батлан хамгаалахынхан Оросын зүгээс гарч байгаа мэдээллийн шинж чанарыг Украинд үүсч байсан нөхцөл байдалтай харьцуулан судалж байгаа гэнэ. Түүхийг дахин бичих замаар нөхцөл байдлыг бэлдсэний дараа бодит түрэмгийлэл үйлдэхийг цэргийнхэн “кинетик операци” гэж нэрлэдэг ажээ. Оросын Думын гишүүн Владимир Жириновский Литвийн зүүн хэсгийг Беларусийн харьяанд, баруун хэсгийг Оросын мэдэлд байх ёстой гэж ярьдаг юм. Үнэхээр Литвийн баруун хэсэгт Оросын эх газраас тасарсан Калининград муж байрладаг. Үүнийг Беларусиар дамжуулан Оростой холбох зорилго түүнд байгаа юм.
Крымийн хувьд мэдээллийн дайныг бараг 12 жил хийсний дараа түрэмгийлэл эхэлсэн гэж Украинчууд Литвийн талд тайлбарлажээ.
2003 онд анх Оросууд Украины дорнод хэсгийг Новороссия гэх Хаант Оросын үеийн нэрээр нэрлэж, харилцаандаа ашиглах болсон гэнэ. Тухайн үед энэ талаар хэн ч төсөөлөөгүй тухай Литвачууд ярьжээ. Харин 2014 онд Путин Крымийг нэгтгэж, Украины дорнод хэсэгт салан тусгаарлах ажиллагааг эхлүүлэхэд л үзэл суртлын дайн их эрт эхэлснийг Киев ойлгосон байна.
Үзэл суртлын дайнтай тэмцэхийн хажуугаар Литвачууд Герман тэргүүтэй НАТО-гийн орнуудын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахаар ажиллаж байгаа.
“Хэрвээ бид өнөөдрийн мэдээллийн дайнд ялагдвал маргааш болох зэвсэгт тулаанд орохоос өөр замгүй болно” хэмээн Литвийн армийнхан ярьж байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
|