Жил бүрийн 3 дугаар сарын 24-нийг сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд "Сүрьеэтэй тэмцэх өдөр" болгон тэмдэглэдэг. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг "Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн угтан ЭМЯ-аас төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд бид сүрьеэгийн тархалт өндөртэй 10 гаруй аймагт эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрт ард иргэдийг идэвхтэй оролцохыг хүсч байна. Мөн сүрьеэгийн эсрэг олон ажлууд хийгдээд явж байгаа.
Хэрэв танд удаан хугацаагаар ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх зовиур илэрвэл зайлшгүй эмчид хандаж үзүүлээрэй. Дүүргийн, өрхийн бүх эмнэлэгүүд танд туслахад бэлэн байгаа. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй. Мөн, сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байгаа. Сүрьеэ бол эмчлэгддэг өвчин юм" гэлээ.
Манай Улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг судалгаагаар тогтоожээ. Монгол Улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөрөө дөрөвдүгээр байрт ордог. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлдэг.
Жил бүр 4,000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа. 70 гаруй хувь нь 16-44 насны хүмүүс өвчилж байгаа аж. Судалгаагаар 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс олон хүн амьдарч байна гэж тогтоожээ.
Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас бардаг байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 200,000 орчим хүүхэд эндэж байна.
Цаашид уг өвчнийг хэрхэн эмчлэх талаар одоогийн баримталж байгаа бодлого, стратегийг боловсронгуй болгох, сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг хэвлэлийн хуралд оролцсон ХӨСҮТ, Глобаль сан, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!