Өнөөдөр Истанбулд эхлэх Украин-Оросын уулзалтад Путин оролцохгүй

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн алба Туркийн Истанбул хотод эхлэх Украин-Оросын засгийн газрын төлөөлөгчдийн уулзалтад оролцох албан тушаалтнуудын нэрсийг зарлажээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ уулзалтад биечлэн оролцохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уриалж байсан ч түүний нэр уг жагсаалтад багтаагүй байна.

ОХУ-ын төлөөлөгчдийг Путиний туслах Владимир Мединский ахлахаар болжээ.

Зеленский өнөөдөр Туркийн нийслэл Анкарад айлчилж, тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзах юм байна.

Путин, Зеленский нар хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард нүүр тулан уулзаж байжээ.

Украин-Оросын засгийн газрын төлөөлөгчид хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сард буюу хоёр улсын хооронд дайн эхэлсний дараахан Истанбулд уулзаж байв.

Бямба гарагт Киевт айлчилсан Европын орнуудын удирдагчид урьдчилсан болзол нөхцөлгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг Путинд уриалж, саналыг хүлээж авахгүй бол эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээгээр шийтгэхээ анхааруулсан.

Орой нь Путин дайтагч талуудын хооронд шууд уулзалт зохион байгуулах саналтай байгаагаа мэдэгдэж байв.

Маргааш нь Зеленский энэ саналыг нь хүлээн авахдаа уулзалтад биечлэн оролцохыг Путинд уриалж байлаа.

Дараа нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ хоёр ерөнхийлөгч Истанбулд уулзвал Ойрх Дорнодод хийж буй айлчлалынхаа завсраар тэдэнтэй нэгдэх боломжтойг мэдэгдсэн юм.

Саудын Арабаас анхны гадаад айлчлалаа эхэлсэн Трамп одоо Катарт айлчилж байгаа.

Өнөөдрийн уулзалтад АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид оролцох магадлалтай байна. Тухайлбал тус улсын топ дипломатч, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр НАТО-гийн гадаад хэргийн сайд нартай уулзахаар Турк улсад хүрэлцэн очжээ.

Тэрбээр өчигдөр орой Украины гадаад хэргийн сайд Андрей Сибигатай уулзсан байна.

Рубио маргааш буюу Баасан гарагт Анталягаас Истанбулд очиж, Украины дайны асуудлаар Европын орнуудын гадаад хэргийн сайд нартай уулзах ажээ.

Ямартай ч ойрын өдрүүдэд дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Украины дайны асуудлаар чухал уулзалтууд Турк улсад өрнөхөөр болж байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ХАХА
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
129 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг