Монгол улстай хил залгаа Сибирийн бүс нутагт ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч, нийт 600,000 гаруй гектар (га) талбай шатаж байгааг ОХУ-ын эрх баригчид Лхагва гарагт мэдээлжээ.
Тухайлбал Өвөр Байгалийн хязгаарт өнгөрсөн сарын сүүлээр холбооны хэмжээнд онц байдал зарласан нь одоо үргэлжилж байна.
Одоо энэ бүс нутагт 49 хэсэг түймэр идэвхтэй шатаж, 629,000 гектар газар хамраад буйг ОХУ-ын онцгой байдлын яам өчигдөр мэдээлжээ.
Энэ он гарснаас хойш ОХУ даяар нийт 1.4 сая гектар талбай газар ой хээрийн түймэрт өртсөн нь ижил хугацаанд АНУ, Канадад түймэрт өртсөн талбайн нийт хэмжээнээс гурав дахин их байна.
Өвөр Байгалийн түймрийн утаа энэ амралтын өдрүүдэд Бээжин хот болон Солонгосын хойгт хүрэхээр байгааг Европын цаг уурын алба Copernicus мэдээлжээ.
Мягмар гарагт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын эрх баригчид мужийн хэмжээнд онц байдал зарлаж, ой тайга руу нэвтрэх бүх замыг хаасан нь бас түймэртэй холбоотой байлаа.
Гуравдугаар сарын дундаас хойш энд 174 хэсэг түймэр гарсны 90 хувь нь хүмүүсийн болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байжээ.
Мягмар гарагийн байдлаар Буриадад 22 хэсэг түймэр идэвхтэй шатаж, 530 гал сөнөөгч ажиллаж байгааг орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.
Хуурай, дулаан цаг агаар энэ жилийн түймрийг эрт эхлүүлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тухайлбал ОХУ-д ердийн үед түймрийн улирал тавдугаар сард эхэлдэг бол энэ онд гуравдугаар сарын дундуур эхэлжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!