Уншиж байна ...

"The MongolZ" баг Астана хотод зохиогдож буй тэмцээний шөвгийн наймд Туркийн багтай оноолт таарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай "PGL Astana 2025" тэмцээний тойргийн шатны сүүлийн тоглолтууд өчигдөр явагдаж, шөвгийн найман багийн нэр тодорлоо.

Казахстан улсын Астана хотод энэ сарын 10-наас эхэлсэн тус тэмцээний шөвгийн наймд манай улсын "The MongolZ" баг шалгараад байгаа билээ. Тэд тойргийн шатанд нэг ч хожигдоогүй бөгөөд шөвгийн наймд Туркийн "Aurora Gaming" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар маргааш 13:00 цагт тоглохоор оноолт таарсан байна.

Хэрэв манай баг тус тоглолтод ялалт байгуулбал шөвгийн дөрөвт Украины "Natus Vincere" болон Данийн "Astralis" багийн аль хожсонтой нь тоглоно. "Aurora Gaming" багийн тоглогчид өмнө нь Туркийн "Eternal Fire" багт тоглож байсан юм.

"PGL Astana 2025" тэмцээний шөвгийн наймд "The MongolZ", Бразилын "FURIA" болон "MIBR", Украины "Natus Vincere" Данийн "Astralis", ОХУ-ын "Team Spirit", Шведийн "Ninjas in Pyjamas", Туркийн "Aurora Gaming" гэсэн багууд шалгараад байна.
Тус тэмцээн нь нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай. Түрүүлсэн багт 400,000 ам.доллар, хоёрдугаар байрт 187,500 ам.доллар, гуравдугаар байрт 150,000 ам.доллар, дөрөвдүгээр байрт 87,500 ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төсөвлөжээ.