Хэдхэн сарын өмнө АНУ-ын дайсан байсан Сирийн шинэ ерөнхийлөгч Ахмед аль-Шараа өчигдөр Саудын Араб улсын нийслэлд ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан нь ховор үйл явдал байлаа.
Тэднийг уулзуулсан хүн нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман юм. Саудын төв телевизээр Трамп, аль-Шараа нарын уулзалтын дүрс бичлэгийг цацахад тэдний дэргэд хунтайж байгаа нь харагдаж байв.
Уг уулзалтад бас Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган видео холбоогоор оролцжээ.
Энэ үеэр Трамп 2020 онд АНУ-ын санаачилгаар байгуулагдсан Абраамын Гэрээнд нэгдэж, Израиль улстай дипломат харилцаагаа сэргээхийг Сирийн шинэ удирдагчид уриалсан байна.
Энэ гэрээнд одоогоор Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Марокко зэрэг Арабын улсууд нэгдэж, олон жилийн турш үргэлжилсэн дайсагналаа зогсоож, Израиль улстай харилцаагаа хэвийн болгоод байгаа.
АНУ-ын засаг захиргаа энэ гэрээнд бас Саудын Арабыг нэгтгэх талаар хэлэлцэж байсан ч Газын зурваст эхэлсэн дайн саад учруулсан юм.
Айлчлалынхаа эхний өдөр буюу Мягмар гарагт Трамп хэлэхдээ Саудын Араб улс Абраамын Гэрээнд тохиромжтой цагтаа нэгдэхээр болсныг мэдэгджээ.
Энэ өдөр Трамп бас Сири улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ цуцлах төлөвлөгөөтэй байгааг зарласан юм.
Ахмед аль-Шараа өмнө нь Ассадын дэглэмийн эсрэг тэмцэгч жихадист зэвсэгт бүлгийн толгойлогч байсан нь АНУ болон Израилийн эрх баригчдын эргэлзээг төрүүлдэг байв.
АНУ-ын засаг захиргаа бүр түүний толгойд $10 саяын шагнал амлаж байснаа өнгөрсөн оны сүүлээр цуцалж байжээ.
Гэхдээ аль-Шараа 2016 онд Аль Кайда террорист байгууллагатай хэлхээ холбоогоо тасалсан гэдэг.
Ямартай ч Саудын Арабын эрх баригчид Сирийн шинэ засаг захиргааг дэмжиж, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэхээр ятгасан нь үр дүнд хүрч байна.
Харин Израиль улсын эрх баригчид одоо ч аль-Шарааг жихадист гэж үзсэн хэвээр байгаа юм.
Катарыг зорих замд сэтгүүлчид Трампаас түүнтэй уулзсан Сирийн шинэ удирдагчийн талаар сэтгэгдлийг нь асуухад “Түүнд чадвар бий. Тэр бол жинхэнэ удирдагч” гэж хэлжээ. Трамп бас түүнийг залуу, дур булаам хүн гэж тодорхойлсон байна.
Трамп, аль-Шараа нар уулзахдаа терроризмын эсрэг хамтран тэмцэх, Сирийн тогтвортой байдалд заналхийлж буй зэвсэг бүлэглэлүүд, тэр дундаа Исламын Улс бүлэглэлийн нөлөөг устгахад хамтран ажиллах талаар хэлэлцсэнийг Дамаскийн албаны эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|