Гоо сайхан, нүүр будалтын чиглэлээр бүтээсэн видео контентоороо олон дагагчтай болсон Мексикийн инфлүнсер эмэгтэй Мягмар гарагт ТикТок шууд дамжуулалтынхаа үеэр буудуулж алагджээ.
23 настай Валериа Маркесийн аллагад эмэгтэйчүүд, охидыг хүйсээр нь ялгаварлан хүчирхийлэх (фэмицид) төрлийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа Мексикийн Халиско мужийн прокурорын газар өчигдөр мэдээлсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэй хүний нэр төрийг гутаах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, бие махбод, амь насанд нь халдах, хохирогчийн цогцсыг олон нийтэд ил харуулах зэрэг хэргүүд багтдаг ажээ.
Мягмар гарагт Запопан хотын гоо сайхны салонд шууд дамжуулалтаа явуулж байсан хохирогчийг нэгэн эрэгтэй орж ирээд буудсан байна.
ТикТокийн шууд дамжуулалтын бичлэгт “Сайн уу, Вале?” хэмээн хохирогчтой мэндэлж, түүнд хариулж байгаа дуу хоолой үлджээ.
Хэдхэн секундийн дараа хохирогч буудуулан унаж, гар утсыг нь алуурчин аваад шууд дамжуулалтыг зогсоохдоо царайгаа үзэгчдэд хальт харуулсан байна.
Инстаграм болон ТикТок хуудсандаа 200,000 гаруй дагагчтай Маркес өмнөх шууд дамжуулалтаараа хэн нэгэн “үнэтэй бэлэг” өгөхөөр өөрийг нь сураглаж салонд ирсэн тухай ярьж байжээ.
Маркес тухайн үед салондоо байгаагүй бөгөөд буцаж ирэхийг нь хүлээх бодолгүй байгаагаа ярьж байсан гэнэ.
Латин Америк, Карибын тэнгисийн орнуудаас Мексик улс нь Парагвай, Уругвай, Боливи улсуудын хамт фэмицид төрлийн гэмт хэргийн гаралтаар дөрөвдүгээрт жагсдаг.
2023 онд 100,000 эмэгтэй тутамд 1.3 аллага оногдож байсныг НҮБ-ын бүс нутгийн байгууллагын тоо баримт харуулж байна.
Тэр дундаа Халиско муж нь Мексикийн 32 муж дотроос хүн амины хэргийн гаралтаар зургаадугаарт эрэмбэлэгддэг. 2024 оны аравдугаар сард ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум тангараг өргөснөөс хойш тус мужид 906 хүн амины хэрэг бүртгэгдсэн тухай TResearch судалгааны байгууллагын тайланд дурджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
|