Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөр үеийнхэнтэй харилцах ДӨРВӨН ЗӨВ АРГА

ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төвийн Тэргүүн, Сэтгэл Зүйч Т. Хонгорзул iKon.mn сайтад тогтмол зөвлөгөө мэдээлэл хүргэдэг билээ. Тэрбээр энэ удаад хүүхдийн хамгийн ээдрээтэй нас гэдэг өсвөр үеийнхэнтэй хэрхэн харилцах талаар зөвлөгөөг бичжээ. 

Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар өсвөр үеийг:

  • 10 -12 нас эрт үе
  • 13-15 нас дунд үе
  • 16-17 нас хожуу үе гэж үздэг байна. Тэгэхээр уншигчид та бүхэн 10-17 насныхантай харилцахдаа дараах дөрвөн хандлагыг анхаарч байна уу.

Өсвөр Үе бол өөрийгөө олох үе юм

Өсвөр үед уураг тархины хөгжил хурдацтай явагддаг учраас маш олон гүн гүнзгий асуултуудыг асууж эхэлдэг. Би хэн бэ? Би юунд итгэх вэ? Амьдралын утга учир юу вэ? гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуудаг бөгөөд хариултаа олж чадахгүй тохиолдолд сэтгэлээр унах нь бий.

Энэ үед Эго центризм буюу өөртөө төвлөрөх үзэл хүчтэй явагддаг учир өөрийнх нь бодол зөв гэдэгт итгэдэг ба бусад хүн намайг юу гэж бодож байгаа бол гэдэгт маш их санаа зовдог. Тэдний үзэл бодлыг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлэх нь тэднийг ойлгож байгаагийн нэг илрэл болж өгдөг. Тиймээс тэдэнтэй та бие даасан хувь гэдэг үүднээс нь хүндэтгэлтэй харилцаж байна уу. 

Харилцааны хүрээлэл тэлэх үе

Өсвөр үеийнхэнд найз нөхдийн харилцаа чухалд тавигддаг бөгөөд ганцаардах мэдрэмж  нь тэдэнд сэтгэлээр гутрах болон аливаа төрлийн донтолтонд өртөх магадлалыг ихэсгэдэг.

Энэ үед эцэг, эхчүүд хүүхэддээ бусадтай найзалж нөхөрлөх боломжийг олгохоос гадна нийгмийн харилцааг дэмжсэн дугуйлан дамжаанд хүүхдүүдээ явуулах нь нийгмийн олон ур чадварт сургахаас гадна стресс тайлах ба өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Дийлэнхдээ өсвөр үеийнхэн спортонд дуртай болох хандлагатай байдаг. 

Хэрвээ хүүхэд тань бусадтай харилцахаас зайлсхийж өрөөндөө ганцаараа байх хандлагатай байвал сэтгэл зүйн хувьд таагүй байгаагийн нэг шинж юм. 

Эцэг эхчүүд өсвөр үеийнхэнтэй хэрхэн харилцах хэрэгтэй вэ? 

Ямар ч үед сэтгэл зүйн хэрэгцээ зөвхөн харилцах үед л хангагдах боломжтой байдаг. Тиймээс хэдийгээр өсвөр үеийнхэн биеэ дааж эхлэх төдийгүй найз нөхдийн харилцаанд цагаа зориулдаг ч эцэг, эхтэйгээ харилцах хэрэгцээ хэвээрээ байдаг. Энэ үед эцэг, эхчүүд өмнөх шигээ зөвхөн өөрийнхөө бодлыг тулган шаардах болон үглэхээс илүүтэйгээр миний хүүхэд юунд сонирхолтой байна, сэтгэл санаа нь ямар байна, ямар үзэл бодол төлөвшиж байна гэдгийг сонирхон мэдэхийн тулд сайн сонсогч байх нь тустай. Түүнчлэн хүүхэддээ сонголт хийх боломжийг олговол илүү үр дүнтэй ойлгоцож чаддаг. Чи яг одоо миний хэлснийг л хий гэж тулгахын оронд чамд ийм сонголтуудыг өгье чи алийг нь сонгохыг хүсч байна хэмээн асууж харилцан зөвшилцөх замаар асуудлыг шийдэх нь үр нөлөөтэй. 

Өсвөр үеийг аюул эрсдэлтэй үе биш харин боломж гэдгээр харах нь чухал

Өсвөр үеийнхнийг харахдаа тогтворгүй, төлөвшөөгүй юм уу барьцгүй гэх мэтээр харахаас илүүтэй ирээдүйд сайн бие хүн болж төлөвших үе гэж харах нь тэдэнд хэрхэн хандах хандлагыг өөрчилдөг. Өсвөр үеийнхэн бусдыг даган дуурайх замаар өөрийнхөө хэн болохыг тодорхойлдог учир сайн үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал байдаг.

Та хүүхэддээ ямар ч үед хайртай гэдгээ илэрхийлээд зогсохгүй үйлдлээр харуулах нь аливаа асуудлыг даван туулах чадварыг нь нэмэгдүүлж өгдөг.

 

Зөвлөгөөг:  Сэтгэл Зүйч Т.Хонгорзул