Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Зөв хооллолт

ikon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Таны хэрэглэж байгаа хоол хүнс нь таны эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг.

Буруу хооллолт нь олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг үүсгэдэг. Тухайлбал зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, олон төрлийн хавдар гэх мэт. Зөв хооллосноор эрүүл мэндээ сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.

Илчлэг болон энергийн тэнцвэр

Илчлэгийг байнга тооцох шаардлагагүй ч гэсэн нийт илчлэгийн хэрэгцээ нь биеийн жингээ хянах болон эрүүл байхад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэрвээ та шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хүнс хэрэглэвэл биеийн жин буурдаг.

Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол илчлэгийн хэрэгцээг бууруулах ёстой. Харин жингээ нэмэхийг хүсч байгаа бол биеийн шатааж байгаа илчлэгээс илүү илчлэгтэй хүнс хэрэглэх хэрэгтэй.

Шимт бодисууд

 

Бидний идэж хэрэглэж буй хүнс нь үндсэн шимт бодис болон бичил шимт бодисууд болох аминдэм, эрдэс бодисуудаас бүрддэг.

Үндсэн шимт бодисууд

Нүүрс ус, өөх тос, уураг гэсэн гурван гол  үндсэн шимт бодисууд байдаг. Эдгээр шимт бодисууд нь хүний биед харьцангуй их хэмжээгээр хэрэгтэй бөгөөд бие махбодийг илчлэгээр хангаж, олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог.

  • Нүүрс ус: нэг грамм нүүрс ус 4 ккал илчлэг ялгаруулдаг. Нүүрс ус ихтэй хүнсэнд талх, гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, төмс хүнсний ногоо, жимс, шош, буурцаг, саахар болон цагаан идээ ордог.
  • Уураг: нэг грамм уураг 4 ккал энерги ялгаруулдаг. Мах загас, цагаан идээ, өндөг, буурцагт ургамал болон дүпү ордог.
  • Өөх тос: нэг грамм өөх тос 9 ккал энерги ялгаруулдаг. Самар, үр, ургамлын тос, цөцгий, бяслаг, тослог загас болон өөхтэй мах зэрэг ордог.

Эдгээр шимт бодисуудын хэрэгцээ нь таны амьдралын хэв маяг, хөдөлгөөний идэвхи, нас хүйс, байгаль цаг уурын нөхцөл зэргээс хамаардаг.

Бичил шимт бодисууд

 

Аминдэм, эрдэс бодисууд нь  хүний биед маш бага хэмжээгээр шаардагддаг.

Хүний биед шаардлагатай гол бичил шимт бодисуудаас дурдвал:

  • Магни: 600 гаруй эсийн үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал энергийн үүсэлт, мэдрэлийн систем болон булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Гол эх үүсвэр: бүтэн үр тариа, бууцай, хар шош, газрын самар, дүпү
  • Кали: цусны даралтын зохицуулгад гол үүрэгтэй. Мөн елекролит, шингэний тэнцвэр, булчингийн болон мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол эх үүсвэр: шош, гүн ногоон өнгийн ногоо, төмс, тараг, загас гэх мэт
  • Төмөр: Цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Мөн дархлааны болон тархины үйл ажиллагаанд ач тустай. Мах, загас, өндөг, шош, буурцаг зэрэгт их агуулагддаг.
  • Кальци: яс болон шүдний бүтцийн нэг хэсэг болдог. Мөн зүрх, булчин, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай. Гол эх үүсвэр: сүү цагаан идээ, гүн ногоон өнгийн ногоо
  • Тосонд уусдаг аминдэмүүд: А, Д, Е, К аминдэмүүд нь тосонд уусдаг аминдэмүүд бөгөөд яс, булчингийн эрүүл байдал болон дархлааны системийг дэмждэг.
  • Усанд уусдаг аминдэмүүд: С, В-ийн төрлийн аминдэмүүд нь хоол боловсруулалт, бодисын солилцоо, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Мөн дархлааг дэмжиж байдаг.

Бүх аминдэм болон эрдэс бодисууд нь чухал шаардлагатай шимт бодисууд бөгөөд эрүүл байхын тулд эдгээрийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй.

Бичил шимт бодисуудын өдрийн хэрэгцээ нь өөр өөр байдаг. Хэрвээ та амьтан болон ургамлын гаралтай цэвэр хүнс хэрэглэдэг бол эдгээр шимт бодисуудыг нэмэлт хэрэглэхгүйгээр хүнснээсээ авах боломжтой.

Бэлтгэсэн: НЭМҮТ

АШИГЛАСАН МАТЕРИАЛ: https://authoritynutrition.com