“Нэхмэлийн шар” байрны оршин суугчид ХОТЫН ДАРГАД хандлаа
Хан-Уул дүүрэгт орших “Нэхмэлийн шар” байрны оршин суугчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуучирч муудсан, сантехникийн асуудал хүндэрсэн тус байрнуудыг буулгаж, дахин барилга барих асуудал сунжирсаар байгаа.
Энэ талаар оршин суугч Д.Батбилэг “Нийт 22 байрнаас 2 байр нь ашиглалтад орчихсон. Энэ хоёр байрыг "Нутгийн буян" компани барьж ашиглалтад оруулсан юм. Үлдсэн байрны оршин суугчид гэж 300 гаруй өрх бий.
Манай оршин суугчдын 80 хувь нь “Фүжи Холдинг” компанитай гэрээ хийж 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нд ажлаа эхлэхэд бэлэн болчихсон байсан юм. Гэтэл тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл 2016 оны гуравдугаар сарын 29-нд гэрээг цуцалчихсан. Шалтгаан нь ажил удааширсан гэсэн. Энэ гэрээг цуцлах ямар ч үндэслэл байгаагүй. Одоо нөхцөл байдал улам дордоод байна.
Хэнд ашигтай, хэнд хэрэгтэй гэж цуцалсан юм бэ.
Цуцлуулсан компани энэ шийдвэрийг шүүхэд өгснөөр асуудал бүх шатны шүүхээр явж байна. Энэ асуудлаас иргэд бид л хохирч байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Фүжи Холдинг” компани ажил удаашруулсан нь үнэн боловч иргэдтэй хийсэн гэрээнийхээ дагуу ажлыг үргэлжлүүлэх боломжтой юм гэсэн шийд гарсан байна лээ. Гэсэн хэдий ч нийслэлээс давж заалдаад ахин шүүх хурал дээд шүүхийн шатанд явж байна.
Хотын дарга Су.Батболдод иргэддээ туслаач ээ гэж хэлмээр байна. Нийслэлийнхэн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд энэ ажлыг урагшлуулж өгөөч. Компани сольж өгөөсэй гэж бид хүсэхгүй байна. Хамгийн гол нь нийслэлээс ажил хийж байгаа компаниудаар ажлыг нь хийлгээч” хэмээсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
