Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярыг угтан “МОНГОЛ БЭЛЭГ” төсөл хэрэгжүүлж эхэллээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Шинэ Монгол бэлэг" төрийн бус байгууллагаас "Монгол бэлгээ сонгоцгооё" уриатай төслийг зохион байгуулж байгаа тухай мэдээлэл хийлээ.

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан эх орондоо үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчилан таниулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилго бүхий “Монгол бэлэг” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. 

Төслийг санаачлагч М.Дорждагва Монгол Улсад нийт 816 мянга орчим өрх айл байдаг гэсэн статистик мэдээлэл байна. Тэдгээрээс багаар бодоход 100 мянган өрх айл тодорхой хэмжээний төсөв гарган, бэлэг сэлт бэлдэнэ.

Нэг айл багадаа 250-350 мянган төгрөгийн бэлэг бэлтгэнэ гэж тооцох юм бол 25-35 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн үг.

Аль ч баярын бэлгийг бэлтгэхдээ чанар чансаа муутай, шаардлага хангахгүй Эрээний бараануудад их мөнгө зарцуулахын оронд  эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, цаашид уламжлал болгохыг зорьсны үндсэн дээр энэ ажлыг эхлүүлээд байна.

Нэг сургууль цэцэрлэг барихад 3 тэрбум төгрөг төсөвлөдөг бол бид жилдээ ганц Цагаан сар тэмдэглэх гэж хэдэн арван сургууль цэцэрлэг барих мөнгийг гадаадад өгч байна” хэмээн тайлбарлалаа.

Тус төслийн үйл ажиллагаанд Содон Зууч 1900-2424 мэдээллийн лавлах хамтран ажиллаж байгаа бөгөөд иргэдийн худалдан авалтын захиалгыг хүлээн авч бараа бүтээгдэхүүнийг гэрт нь шуурхай хүргэн өгөх ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Төслийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ч.Бямбадулам “Төслийн хүрээнд VTV, Royal, Seven, Малчин, TV-9, Өглөөний сонин, Зууны мэдээ болон бусад хэвлэлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний талаарх мэдээ мэдээллийг иргэдэд тухай бүрт нь дамжуулан хүргэж, Сар шинийн баяр болох гэж байгааг тохиолдуулан томоохон худалдааны төвүүдэд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээр буюу 2,000 төгрөгөөс эхлэн худалдаалагдах болно. Мөн бүтээгдэхүүн худалдан авалтын тоо ширхэгээс нь хамааран хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ.

Манай улсад 800 орчим үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн судалгаа байна. Тэгэхээр бид өөрсдийн хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээний үйлдвэрлэлийг дотооддоо явуулж байна гэж хэлж болно.

Төслийн хүрээнд 20-30 байгууллага хамрагдана гэсэн урьдчилсан тоо байгаа бөгөөд цаашид илүү өргөжинө” гэлээ.

Одоогоор Гранд Плаза, Драгон төв, Амгалан худалдааны төв, Хар хорин худалдааны төвд үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн павилонуудыг ажиллуулж байгаа юм байна.