Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

18 жилийн өмнө нөхрийг нь хөнөөсөн хүмүүсийг Д.Булган таньсан уу?

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
 

18 жилийн өмнө С.Зориг агсныг хөнөөсөн гэх хоёр хүний аман зургийг гэрчүүдийн мэдүүлснээр гаргаж хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр тарааж байв. 

Уг зурагт эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг дүрсэлсэн бөгөөд эрэгтэй нь эмэгтэйгээсээ намхан байв.

Зурагт онигордуу, давхраагүй нүдтэй, хянган хамартай, шөвгөр царайтай эрэгтэйг дүрсэлсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр энэхүү дүрслэгдсэн эрэгтэйг 32-33 орчим буюу 30-аас дээш настай, дунд зэргийн нуруутай 169-170 орчим см өндөртэй гэсэн байв. 

Харин 18 жилийн дараа уг хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүнийг яллагдагчаар татаад буй. 

Тухайн үед Ц.Амгаланбаатар нь 16 настай байсан бол Б.Содномдаржаа 23 настай байжээ. Мөн Б.Содномдаржаагийн ээжийн хэлж буйгаар хүү нь 180 гаруй см өндөртэй аж. Харин Т.Чимгээ нь хэрэг гарах үед гурван хүүхэдтэй байсан бөгөөд бага нь хоёр настай байжээ. 

 
С.Зоригийг хөнөөсөн хэргийн анхны шүүх хурал, Зурагт С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдож буй яллагдагчид болон харгалзагч нар, 2016.12.14

18 жилийн өмнө гаргасан аман зураг болон өчигдрийн шүүх хуралд яллагдагчаар оролцсон хүмүүсийн зургийг харьцуулан харах боломжийг уншигч танд үлдээж байна.

Өчигдөр болсон шүүх хурал Цагдан хорих 461-р ангийн эргэн тойрныг хамгаалалтад авч, засмал замаас орж гарах автомашинуудыг хязгаарлан, зөвхөн шүүх хуралдаанд оролцох хүмүүсийг л дотогш нэвтрүүлж байв. 

Давхар давхар шалгалтыг давж байж 461-р ангид нэвтэрсэн сэтгүүлчдийг шүүх хуралдааны танхим руу ороход гар утас, дуу хураагуур, флаш диск, тэмдэглэлийн дэвтэр гээд бүх зүйлийг нь үүдэнд үлдээлгэсэн. Ингээд сэтгүүлчид зөвхөн үзэг, балтайгаа дотогш орж, шүүхийн хэвлэлийн ажилтны тараасан бичгийн цаасан дээр тэмдэглэл хийх боломжтой болсон.   (Шүүх хурал товлосон цагаасаа 1.30 минут хоцорч 11:28 цагт эхлэв)

Гэвч цагдаа, тагнуулын байгууллагын хүч нэмэгдүүлсэн хамгаалалтын дор эхэлсэн шүүх хуралдааны эхний 3-4 минут л хэвлэлийнхэнд нээлттэй байв. Шүүх хурлын даргалагч шүүгч яллагдагчдад зүйл ангийг нь уншиж танилцуулмагц “Одоо гарцгаа, болсон. Одоо боль” гэж зандрах цагдаа нарт түрэгдэн сэтгүүлчид шүүх хуралдааны танхимаас гарав. 

Энэ хэргийн шүүх хурлыг ийнхүү чандлан зохион байгуулж байгаа нь улсын нууцтай холбоотой. УЕПГ-ын ажилтны уг хэрэгтэй холбоотой албан ёсны мэдээлэлд “Нууц хэрэг гэж байдаггүй. Харин тухайн хэрэгт авагдсан баримт материал нь "нууц" зэрэглэлд хамаарах баримт гэж шинжээч дүгнэлт гаргасан бол хэрэг "нууц"-ын зэрэглэлд орно” гэсэн байв. Мөн албан бус эх сурвалж “С.Зоригийн аллагыг улс төрийн захиалгат хэрэг биш гэж үзсэн” гэсэн юм. 

Шүүх хурал шүүгч, улсын яллагчаас гадна яллагдагч, яллагдагчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч, шинжээч гэсэн цомхон бүрэлдэхүүнтэй хуралдсан

Хуулийн байгууллагуудын хамтарсан шалгалт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүн 18 жилийн өмнө С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрч энэ дагуу өчигдрийн шүүх хурал товлогдоод явж байгаа. 

Тэгвэл энэ гурван хүн тухайн үед юу хийж байсан бэ. Төрийн өндөр албан тушаалтын амь насыг хохироох ямар шалтгаан энэ гуравт байв. 

Ц.Амгаланбаатар нь айлын өргөмөл хүү. Түүний эгч М.Гансүрэн мөн л энэ айлын өргөмөл охин. Харин Т.Чимгээ нь М.Гансүрэнгийн төрсөн дүүгийн эхнэр. Б.Содномдаржаа нь Ц.Амгаланбаатар, М.Гансүрэн нарын хөрш айлын хүн аж.

"Ц.Амгаланбаатар 1998 онд 16 настай хүүхэд байсан. Тэр үедээ Улаанбаатар ч орж үзээгүй байсан" М.Гансүрэн

М.Гансүрэн дүүгийнхээ талаар “Ц.Амгаланбаатар 1998 онд 16 настай хүүхэд байсан. Тэр үедээ Улаанбаатар ч орж үзээгүй байсан. 2007 онд хүн амины хэрэгт холбогдоод 25 жилийн хорих ял аваад, Чойр дахь чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж байсан.

Миний өргөмөл дүү Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гүтгэсэн. Энэ хүмүүст хилс хэрэг тулгаж байна” гэсэн юм.  

Хохирогчоор татагдсан УИХ-ын гишүүн асан С.Оюун энэ хуралд харагдсангүй. Түүний өмгөөлөгч болон яллагдагчдын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хойшлуулахын зэрэгцээ дараагийн хуралд гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан юм. 

Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авбал дараагийн шүүх хуралд Д.Булганыг оролцуулахаар болно. Гэвч энэ хэргийн гэрч болох түүнийг 100 хувь гэрч гэж хэлэх бас л эргэлзээтэй. Яагаад гэвэл түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баривчилж, энэ оны есдүгээр сард сулласан. 

Ямар шалтгаанаар, ямар зүйл ангиар түүнийг хорьж байгаа нь мөн л нууцын зэрэгтэй байсан ч эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байсныг тухайн үед УИХ-ын гишүүд баталж байв. Гэмт хэргийн гэрчийг цагдан хорьж, эрүүдэн шүүх асуудал одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд огт байхгүй. 

Хэрэг гарахад хамгийн ойр байсан, алуурчдын нүүр царайг биш юм гэхэд дуу хоолойг сонссон цорын ганц хүн бол Д.Булган. Мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлгийг үндэслэж хэрэгтнүүдийг тогтоож, баримтаар нотолдог.

Тэгвэл Д.Булган яллагдагч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 18 жилийн өмнө нөхрийг нь хөнөөсөн хүмүүс мөн болохыг таньсан гэсэн үг үү? 

Шүүх хурал хэрхэн үргэлжилж, ямар шийдвэр гаргахыг арванхоёрдугаар сарын 21-нд харах нь.  

Цагдан хорих 461-р ангид болсон өчигдрийн шүүх хурлын явцыг ЭНД дарж сонирхоно уу.