“Барилга Эм Эн” ХХК-ийн Судалгааны албанаас барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь бүх төрлийн захиалгат судалгааг тогтмол хийж байгаа. Энэ удаагийн дугаарт орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, борлуулагч компаниудад зориулсан худалдан авагчийн зан төлвийн судалгааг бэлтгэлээ. Ингэхдээ, орон сууц идэвхтэй хайж буй 450 хүнийг хамруулсан болно.
Иргэдийн 29% нь БЗД, 27% нь ХУД-т орон сууц худалдан авахыг хүсэж байна. Энэ нь тус хоёр дүүрэгт байр авах сонирхолтой иргэд олон байгааг харуулж буй. БГД-т 14%, СХД-т 9%, СБД-т 8%, ЧД-т орон сууц авах сонирхолтой иргэд 6%-ийг тус бүр бүрдүүллээ. Хэрэглэгчдийн 8% нь ямар нэгэн дүүрэг, байршил заахгүйгээр боломжит орон сууцыг худалдан авах сонирхолтой байгаа нь ажиглагдлаа.
Хэрэглэгчдийн 11% нь 1 өрөө, 40% нь 2 өрөө, 32% нь 3 өрөө байр авахаар төлөвлөжээ. Харин 1-2 өрөө, 2-3 өрөө орон сууц худалдан авах сонирхолтой иргэдийн тоо 13% байгаа нь бага үзүүлэлт юм. Хэрэглэгчид 1, 2, 3, 4 өрөө байр авах эсэхээ хэдийнэ шийдсэн байдгаас 1-2, 2-3, 3-4 өрөө авна гэсэн сонголт тун цөөн байна.
Иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжит хэмжээ, өрхийн орлоготойгоо уялдуулсан талбайн хэмжээний дагуу орон сууц хайж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 35% нь 41-50 м.кв, 21% нь 40 м.кв-аас бага, 21% нь 51-70 м.кв, 16% нь 71-90 м.кв талбайтай байр авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Талбайн хэмжээ хамгийн том буюу 91-130 м.кв орон сууцыг судалгаанд хамрагдагсдын 7% нь сонирхож байна.
Орон сууцны зэрэглэл нь үнийн түвшингээс хамаардаг. Орон сууц хайж буй иргэдийн 21% нь 1.5 сая төгрөг хүртэлх, 24% нь 1.51-1.89 сая төгрөгийн үнэтэй байр сонирхож буй. Өөрөөр хэлбэл, 1.9 сая төгрөгөөс хямд үнэтэй орон сууцыг 45%, 1.9-2.0 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 41% нь авахаар төлөвлөжээ. Харин 2.1-2.4 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 4%, 2.41 сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууцыг 10% нь сонирхож байна.
Одоо амьдарч буй орон сууц, хашаа байшингаа зарж, байрны урьдчилгаагаа бүрдүүлэх гэсэн иргэдийн эзлэх хэмжээ 19% байна. Мөн урьдчилгаа мөнгө нь хараахан бүрдээгүй буюу 10-29% бүрдэлттэй байгаа иргэд 15%-ийг эзэлжээ. Урьдчилгаа мөнгө нь 31-50% бүрдсэн нь 6%, 51-99% бүрдсэн хэрэглэгч 1% байна.
Мөн бартер солилцоо, орон сууц зарагдсан тохиолдолд, гаднаас мөнгө орж ирсний дараа 100% бэлэн мөнгөөр авах боломжтой гэсэн хэрэглэгчдийн тоо 29%-тай байгаа нь өндөр үзүүлэлт юм. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, урьдчилгаа төлбөр 30-50% бүрдсэн хэрэглэгчдийн тоо 35%-ийг бүрдүүж байна. Эндээс харахад төсөл борлуулагчид, үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьд ипотекийн зээлийн урьдчилгаа бүрдүүлж чадахгүй байгаа 34%-д тохирсон боломжийг нь зах зээлд гаргаж, бусдаас ялгарах онцлог, давуу талаа бий болгох боломж нээлттэй байгаа нь ажиглагдлаа.
Байр хайж буй иргэдийн одоогийн орлого, ипотекийн зээлийн урьдчилгаа бүрдүүлэлт, бичиг барим бүрдүүлсэн байдал нь зээлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлно. Судалгаанд хамрагдсан иргэдийн 33% нь шаардлагыг хангасан, 38% нь хангаагүй дүнтэй байна. Бэлэн мөнгөөр орон сууц авах хэрэглэгчид 25%, бартераар авах иргэд 4%-ийг тус тус бүрдүүлжээ.
Энэхүү судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг www.sudalgaa.barilga.mn сайтад бүртгүүлснээр авах боломжтой. Мөн захиалгат судалгаа хийлгэж, зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Эх сурвалж: “Барилга Эм Эн”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|