Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан билээ.
Уг шийдвэрийн дагуу өнөөдөр Боловсролын зээлийн сангийн нээлт боллоо.
БСШУС-ын Сайд Ж.Батсуурь "Та бид өнөөдөр “Боловсролын зээлийн сан”-гийн нээлтийн ёслолыг гүйцэтгэхээр энд хуран цуглаад байна.
Боловсролын зээлийн сан байгуулагдсанаар их, дээд сургууль, коллежийн оюутнууд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах нийгмийн нөхцөл боломж бий болж байна.
Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй, сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх болно.
Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулах шийдвэрийг гаргаж, 2016 онд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголын хуулиар шийдвэрлээд байгаа.
Оюутны хөгжлийн зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх бөгөөд цаашид Боловсролын зээлийн сан төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн эргэн төлөлтөөр тасралтгүй зохион байгуулагдах юм.
Мөн Боловсролын зээлийн сан энэ аравдугаар сараас эхлэн гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлнэ.
Боловсролын зээлийн сан нь дотоодын их, дээд сургуулийн оюутан суралцагчдын үндэсний тэтгэлгийг олгох, өндөр хөгжилтэй орнуудад суралцах суралцагчдын магистр, докторын сургалтын зээлийг олгох, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн баклаврын сургалтад суралцах оюутнуудын зээлийг олгох зэрэг хууль тогтоомжид заасан оюутан суралцагчдын санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг үргэлжлүүлэн зохион байгуулна" гэлээ.
Энэ онд нийт 70,000 орчим оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгохоор болжээ. Тухайн их, дээд сургууль, коллежиос тогтоосон сургалтын төлбөрийн хэмжээгээр оюутны хөгжлийн зээлийг олгох юм байна. Оюутнууд суралцах хугацаандаа улирал бүр оюутны хөгжлийн зээлийг авч болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
|