Пүрэв гарагт ОХУ-ын өмнөд бүсийн Саратов муж дахь Энгельсийн агаарын бааз Украины дроны халдлагад өртсөний улмаас хүчтэй дэлбэрэлт болж, хамгийн цөөндөө хоёр хүн шархадсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.
“Энгельс агаарын баазад гарсан гал түймрийн улмаас ойролцоох фермийн оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүллээ” гэж Саратов мужийн захирагч Роман Бусаргин сошиал хуудсаараа мэдээлжээ.
Оросын армийн Ту-95, Ту-160 стратегийн бөмбөгдөгч онгоцнууд байрладаг Энгельс-2 бааз нь Украины хилээс зүүн зүгт 500 км, нийслэл Москвагаас зүүн өмнө зүгт 730 км зайд байрладаг.
Украины дайн эхэлсэн цагаас хойш тус бааз олон удаа халдлагад өртөж байв.
Захирагч Бусаргин энэ удаагийн халдлагыг дайн эхэлсэн цагаас хойш Саратов мужид гарсан хамгийн том дроны халдлага гэж тодорхойлжээ.
Өчигдөр бас мужийн төв Саратов хот Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртөх үеэр эд хөрөнгийн хохирол амссан ч хүний амь нас эрстээгүй байна.
Тухайлбал 30 орчим амины орон сууц, нэг сургууль, хоёр цэцэрлэг, нэг эмнэлгийн барилгад хохирол учирсныг Бусаргин мэдээлжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр Украины талаас зургаан бүс нутагт довтолсон 132 дроныг унагасны 54 нь Саратов мужийн нутагт унасныг мэдээлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
298 СЭТГЭГДЭЛТЭЙ
|