Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яам хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг нэг зэрэг ажлаас халсан талаар халагдсан хүмүүсийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тэд өөрсдийгөө ямар нэгэн үндэслэгүйгээр халагдсан хэмээн үзэж байгаа учраас эрх ашгаа хамгаалах зорилгоор түр хороо байгуулаад байгаа ажээ.
“Тогтвортой амьжиргаа-3” төслийн Баянхонгор аймаг дахь Сум дэмжих багийн ахлагчаар ажиллаж байсан иргэн Д.Бямбасүрэн "Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд олон улсын байгууллагад ажиллаж байсан 105 иргэний эрхийг бүдүүлгээр зөрчлөө. Бид ажлаас халагдсан шалтгаанаа үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас өнөөдөр та бүхэнд хандаж байна. Улс орны өнцөг булан бүрт 21 аймагт ажилладаг бид эрхээ эдлэхээр өнөөдөр Улаанбаатар хотод цуглалаа.
Тодорхой үндэслэлгүйгээр биднийг хоморголон ажлаас халсан.
Сум дэмжих багийг найман cap ажиллуулсаны дараа Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн чиглэлийн дагуу Сангийн яам болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр биднийг хоморголон ажлаас халсан. Ажлаас халах тушаал есдүгээр сарын 28-нд гарч, есдүгээр сарын 30-наас халж байгаагаа мэдэгдсэн.
Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 зааснаар 30 хоногийн өмнө гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байх гэх заалтыг зөрчиж байгаа.
Бүтцийн өөрчлөлт гэх нэрийдлээр бүх аймгийн Сум дэмжих багийн гишүүдийг халсан нь аймаг бүрт ажиллаж буй хүмүүсийн ажиллах, амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
2016 оны тавдугаар сард Дэлхийн банкны Төсөл хариуцсан удирдагч Хелена Рекстэй орон нутгийн Сум дэмжих багийн гишүүдийн төлөөлөл уулзахад төсөл товлосон хугацаанд тогтвортой ажиллах ба ажлын байр цалин хөлс нь баталгаатай болно гэсэн хариулт өгсөн нь хууралт болж таарлаа.
Дээрх үндэслүүдээс харахад өмнөх Засгийн үед ажилд орсон гэх үндэслэлээр 105 хүнийг ажлаас хоморголон халлаа. Биднийг улс төрийн золиос болгох энэ ажиллагаанд Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг оролцсонд гүнээ харамсаж байна.
Өнөөдрөөс эхлэн бид хууль бус шийдвэр гаргаж, чиглэл өгсөн дээрх байгууллагуудыг нааштай хариу өгөөгүй тохиолдолд Олон улсын хуулийн байгууллага болон Хүний эрхийн байгууллагуудад хандаж дараагийн арга хэмжээг авч ажиллах болно" хэмээн ярилаа.
Ажлаас халагдсан ажилтнуудын төлөөллийн зүгээс төр засаг солигдоход төрийн байгууллагынхан байтугай олон улсын байгууллагын ажилтнууд хүртэл халаа сэлгээнд өртдөг жишиг тогтож байгааг хэлж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!