Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Панда баавгайг устаж үгүй болох аюулаас аврагдсаныг зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятадуудын хичээнгүй зүтгэлийн үр дүнд мөхлийн ирмэгт хүрээд байсан Панда баавгайн төрөл зүйл аврагдсан тухай албаныхан мэдээллээ.

Олон Улсын Байгаль Хамгаалах Нэгдэл өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, панда баавгайн тоо толгой нэмэгдэн “устах аюултай” ангиллаас дэвшиж “эмзэг” ангилалд шилжсэн болохыг зарлажээ.

Харин Хятадууд энэ дүгнэлтэд сэтгэл хангалуун бус байна. Өнгөрсөн Даваа гарагт Хятадын Ой модны Захиргаа дээрх ангиллын өөрчлөлт нь хэт эртэдсэн үйлдэл, аюул холдох болоогүй байгаа гэж Ардын Өдрийн сонинд мэдээлжээ.

Тус захиргааны мэдэгдэлд “хэрвээ бид ангиллыг бууруулж, авах арга хэмжээгээ багасгавал олсон амжилтаа даруй алдана” гэсэн байна.

2000 онд Хятад даяар 1,100 орчим тооны Панда баавгай амьдарч байсан бол 2014 онд 1,864 баавгай зэрлэг байгальд, 422 баавгай хүмүүсийн асрамжинд амьдарч байгаа гэсэн тоо бий.

Хулгайн ан болон ой шугуйн хорогдлоос болоод 1980-аад оны үед Пандагийн тоо толгой мянга хүрэхгүй болоод байсан юм.

Бээжингийн зүгээс Пандаг өсгөх төрөл бүрийн арга хэмжээг авсны дотор нөхөн үржих сонирхлыг нь өдөөх, тэр ч байтугай хэлийг нь судлах ажил ч багтаж байв.

Хамгийн гол нь Пандагийн амьдрах орчныг хумихгүй байх буюу хулсан ойг зэрлэг чигээр нь хадгалах ажил байжээ. Учир нь Пандагийн хоол хүнсний 99 хувийг хулс бүрдүүлдэг гэнэ. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд Хятад улс өмнө нь огтолж бууруулаад байсан хулсан ойн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлж чадсан байна. Үүний үр дүнд 1992 онд Хятад даяар 13 панда амьдрах бүс нутаг байсан бол өнөөдөр 67 болж нэмэгджээ.

Бас Бээжингийн зүгээс гадаадын амьтны хүрээлэнгүүдэд панда экспортлох ажлыг сайн явуулсан байна. Хятадын судлаачдын үзэж байгаагаар одоо Пандад заналхийлж буй хамгийн том аюул бол хүн биш, цаг уурын өөрчлөлт болсон гэнэ.

 

Эх сурвалж: Shanghaiist, People’s Daily