Уншиж байна ...

Хүндийн өргөлтийн ДАШТ-д Г.Ануужин 17 дугаар байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 15 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Бахрейн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-наас 15-ныг дуустал болж байна.

Энэ удаагийн тэмцээнд 92 орны 471 туйванч өрсөлдөж байгаагаас Монголоос Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин оролцох юм.

Тодруулбал Эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Г.Ануужин, 76 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ, 81 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг нар өрсөлдөнө.

Өчигдөр манай тамирчдаас Г.Ануужин өргөв. Манай тамирчин "С" группт хүч үзсэн юм.

Манай тамирчин огцом өргөлтийн гурав дахь оролдлогоор 98 кг өргөсөн бол түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоор 117 кг-ыг амжилттай бүртгүүлжээ. Тэрбээр гурав дахь оролдлогоороо 122 кг захиалсан ч амжилттай гүйцэтгэж чадаагүй юм.

Ингэснээр Г.Ануужин нийлбэрээр 215 кг-ын амжилтаар "С" хэсэгтээ хоёрдугаар байрт бичигдсэн бол нийт 28 тамирчнаас 17 дугаар байр эзэллээ.

Энэ жинд АНУ-ын Оливия Ривз 267 кг (120+147) өргөсөн үзүүлэлтээр тэргүүлсэн бол Хойд Солонгосын Ён Чун Хуй 262 кг (116+146)-аар мөнгө, БНХАУ-ын Ян Ши 261 кг (121+140)-аар хүрэл медаль хүртжээ.

Зургаан өдрийн дараах байдлаар Хойд Солонгосчууд найман алт, таван мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж буй бол БНХАУ, Болгар, Тайланд, АНУ-ын баг тус бүр нэг алтан медаль авлаа.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ "B" хэсэгт өрсөлдөх юм.