Уншиж байна ...

Хөрөнгийн хэмжээ нь $400 тэрбумд хүрсэн анхны хүн Илон Маск болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт дэлхийн тэргүүн баян Илон Маскийн хөрөнгийн хэмжээ ганцхан өдрийн дотор $50 тэрбумаар өсөж, нийтдээ $439.2 тэрбумд хүрчээ.

Ингэснээр тэр түүхэнд хөрөнгийн үнэлгээ нь $400 тэрбумын босгыг давсан анхны хүн болж байна.

Өчигдрийн өсөлтийн шалтгаан нь Маскийн үүсгэн байгуулсан SpaceX сансрын технологийн компанийн зах зээлийн үнэлгээ $350 тэрбум хүрч өссөнтэй холбоотой байлаа.

Үүний үр дүнд SpaceX нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап компани болж байгаа юм.

Маск энэ компанийн 42 орчим хувийг эзэмшдэг гэдэг.

Өчигдрийн өсөлтийн өмнөх байдлаар Маскийн хөрөнгийн хэмжээ энэ оны турш $155 тэрбумаар өсөж, $384 тэрбумд хүрээд байсан юм.

Блүүмбэрг агентлагийн тооцоолсноор энэ бол дэлхийн хоёр дахь баян Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосоос $140 орчим тэрбумаар илүү баян болсон гэсэн үг.

Маскийн үүсгэн байгуулсан өөр нэг компани болох цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теслагийн хувьцааны ханш энэ оны турш 71 орчим хувиар өсөөд байгаа.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ одоо $1.23 их наядад хүрсэн байна.

Маскийн хөрөнгийн өсөлтөд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан нь бас нөлөөлж байгаа.

Трамптай ойр харилцаатай байдгийн хувьд ирэх он жилүүд Маскийн бизнесүүдийн хувьд таатай байна гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байна.

 

Эх сурвалж: Business Insider