Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсэг нь 26 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дөрвөн өдрийн турш хуралдаж, 2025 төсвийг дахин шалгаж хэлэлцсэн байна.
2025 оны төсвийн урсгал зардал дотроос ямар хэмнэлт хийсэн талаар тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Ажлын хэсгийн зүгээс 80 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Энэ хүрээнд нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүд дээр зардлыг нэмэгдүүлсэн. Тухайлбал хавдрын эмнэлгийн зориулалтаар тодорхой объектыг авч ашиглахад шаардлагатай 25 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлтийг Эрүүл Мэндийн Яаманд тавьж өгсөн.
Гурван ээлжээр хичээллэж буй сургууль цэцэрлэгийн чанарын асуудалд холбогдуулж түрээсийн зардалд 10 тэрбум төгрөг, дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлтийг Боловсролын сайдын багцад тавилаа. Мөн Хавдар судлалын эмнэлгийн их засварын ажилд шаардлагатай зардлыг шийдсэн" хэмээн ярилаа.
Төрийн сангийн зарцуулалт, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны үр ашгийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 27 тусгай сан байна. 13 сан нь өөрийн гэсэн хуулийн зохицуулалтай. Бусад нь Засгийн газрын тусгай сан дээр нэр дурдагдах төдий буюу тухайн яамны албан тушаалтны тушаалаар зохицуулагдаж явдаг.
2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд шинээр тавигдсан байсан Засгийн газрын тусгай сангийн санхүүжүүлэлтийг багасгах байдлаар Төсвийн байнгын хороо дээр санал оруулж дэмжүүлсэн.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нь хамгийн багаар бодоход 760 тэрбум төгрөгийн авлагатай болсон байна. Авлагаа барагдуулахгүй атлаа жил бүр төсвийн хуулиар мөнгө тавиулдаг байсныг багасгах тухай Засгийн газарт чиглэл өгсөн.
Төрийн өмчит компаниуд хоорондоо өгч, авсан зээлийн хэмжээ гурван их наяд төгрөгт хүрэх гэж байна. Ашигтай ажиллаж буй компаниас алдагдалтай ажиллаж буй нь мөнгө зээлж санхүүжиж байгаа юм. Тиймээс 2025 оны нэгдүгээр улиралд багтааж зээлийн дүнг бууруулах тухай Засгийн газарт чиглэл өгсөн" гэв.
Гадаад зээл тусламжийн эрэмбэ, үр ашгийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг "2025 оны шинэчилсэн төсөв дээр 1.5 их наяд төгрөгийн гадаад зээл тусламжийг авч, 89 арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орж ирсэн.
Ажлын дэд хэсгийн зүгээс авсан зээлээ үр ашигтай байлгах тухай гурван асуудлаар Засгийн газарт чиглэл өгч байгаа. Хувийн хэвшлийн хийх боломжтой, арилжааны шинж чанартай төсөл дээр гадаад зээлийг авч байна. Энэ төрлийн төсөл дээр гадаад зээл авахгүй байх чиглэлийг өгсөн.
2025 онд авах гэж буй 1.5 их наяд төгрөгийн зээлийн 10 хувь нь урсгал зардалд зарцуулагдаж байна. Сургалт нэрийдлээр төрийн албан хаагчид гадаад дотоодод аялж буйг бууруулах хэрэгтэй" гэв.
Төвийн урсгал зардлыг танах асуудлын талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "2025 онд 3,145 хүний орон тоог нэмэхээр төсвийн төсөл дээр санал оруулж ирсэн. Үүнээс 1,248 хүний орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар санал гаргаж, 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Монгол Улсын хувьд ирэх онд 230 мянган төрийн албан хаагчтай байх юм.
Түүнчлэн ХЗДХЯ-ны харьяанд буй цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр, Дотоод хэргийн сургуультай холбоотой орон тооны зардал нийт өсөлтийн 40 хувийг эзэлж байсан учраас орон тоог 50 хувиар бууруулахаар санал гаргасан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!