НИТХ-аас “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулж, иргэдийн түлж байгаа шахмал түлшний стандарт, чанар, орц найрлага, технологийн алдаа гаргасан эсэхэд дүн шинжилгээ хийхээр болжээ.
Энэ талаар НИТХ-ын дарга А.Баяр "Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55.6% нь гэр хорооллын яндангаас, 27.6% нь автомашинаас ялгарч байгаа утаа. Утааг арилгах богино, дунд хугацаанд хийх ажлын тооцооллыг бэлэн болгосон. Олон талын эх үүсвэрүүдийг судалж байна.
Тодруулбал 2024-2028 онд зургаан дэд төвөөр дамжуулж, 50,000 айлыг орон сууцжуулна.
20,000 айлыг газын хэрэглээнд шилжүүлнэ. 2026 онд 40,000 айлыг, үе шаттайгаар нийт 110,000 айлыг газанд шилжүүлж, агаарын бохирдол гаргахгүй байх эх үүсвэрийг судалж тогтоосон. Энэ бол богино, дунд хугацаанд хийх ажлын эхний алхам.
Цаашид "Тавантолгой түлш" компанийн шахмал түлшний үйлдвэрлэлийг 40%-аар бууруулах зорилт тавьж байна. Иргэдийг гэр хороололд сайхан амьдрах боломжийг эрэлхийлж, нарны эрчим хүчийг хэрэглэх хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй Азийн сан, НҮБ-тай хамтарч, эрдэмтдийн гаргасан судалгаанд үндэслэж, төлөвлөлт гарган ажил хэрэг болгож байна.
“Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулж, шахмал түлш нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа, технологийн алдаа гаргасан эсэхэд дүн шинжилгээ хийнэ.
Нийслэлийн Засаг даргын зүгээс "Тавантолгой түлш" компанийн түлшний үйлдвэрлэлийг жил бүр бууруулна гэж үзэж байгаа.
Яндангаас гарч байгаа утааг бүрэн арилгаж чадсан цагт бид утаагүй болно" гэж мэдээллээ.
Сайжруулсан шахмал түлшний 95%-ийг миддлинг буюу угаасан нүүрс, 5%-ийг барьцалдуулагч эзэлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!