Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүх шийдвэрлэв
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж, гаргасан шийдвэрээ өнөөдөр танилцуулав.
Шүүх хуралдааныг даргалагч, шүүгч М.Пүрэвсүрэн "Хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч нарын эрхэлж байсан ажил, албан тушаал, холбогдсон хэрэг, үйлдэл оролцоо зэргий харгалзан хооронд нь хамааралгүй байдлаар тав ангилж, шийдвэрээ танилцуулахаар боловсрууллаа.
- Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний холбогдсон хэрэг.
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг.
- Хөгжлийн Банкны зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийн холбогдсон хэрэг.
- Хөгжлийн Банкны мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг.
- зээлдэгч аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдах албан тушаалтнууд болон бусад хүний холбогдсон хэрэг гэж авч үзлээ.
Эхний асуудал бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын холбогдсон хэргийн талаар танилцуулъя.
Энэ хэрэгт "Говийн зам", "Бэрэн", " Монроуд" компани гэсэн гурван асуудал бий.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ийнхүү шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг анхаарч шийдээгүй байна. Мөн Н.Батбаярын холбогдсон "Монроуд" компанитай холбоотой хэргийн талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн.
ВИДЕО:
Шүүхийн шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
