Сирийн босогчид ерөнхийлөгч асан Башарын аав Хафез аль Ассадын төрөлх хотод байдаг бунхныг нь галдан шатаасан тухай мэдээ өчигдөр таржээ.
Уг бунхан Газрын дундад тэнгисийн эрэгт, Турк улстай хил залган оршдог Латакиа мужийн Кардаха хотод байдаг юм.
Хаяат Тахрир аль-Шам (ХТШ) исламист бүлгийн тэргүүлсэн босогчид арав гаруй хоногийн дотор 54 жилийн настай Ассадын гэр бүлийн дэглэмийг түлхэн унагасан юм.
Ерөнхийлөгч асан Башар аль Ассад гэр бүлийн хамт ОХУ руу дүрвээд байгаа.
Сүүлийн өдрүүдэд Сири даяар иргэд эцэг, хүү Ассад нарын хөшөө, зураг хөргийг буулган устгаж байна.
2011 онд Ассад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалыг хүчээр дарсны улмаас Сирид иргэний дайн эхэлсэн юм. 13 жил үргэлжилсэн уг дайны турш хагас сая гаруй хүн амиа алдаж, 12 сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
Хафез аль Ассад 1971 оноос 2000 онд нас барах хүртлээ Сири улсыг хатуу гараар удирдаж байв. Түүний залгамж халааг хүү Башар аль Ассад нь авсан.
Ассадын гэр бүл Латакиа мужийн хүн амын гол хэсгийг бүрдүүлдэг шийт исламын шашны алавит урсгалд хамаардаг.
Алавитууд нь Сирийн шашны цөөнх бөгөөд хүн амын 10 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Тэд өнгөрсөн хугацаанд эцэг, хүү Ассадын дэглэмийг тууштай дэмжиж ирсэн юм.
Одоо харин тэд босогчдын өшөө авалтын бай болохоос айцгааж байна. Гэхдээ энэ долоо хоногийн Даваа гарагт ХТШ болон Чөлөөт Сирийн Арми суннит исламын зэвсэгт бүлгүүдийн төлөөлөгчид Кардаха хотод алавитын удирдагчидтай уулзахдаа шинэ засгийн газрыг дэмжих амлалт авсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
ХТШ-ын командлагч Абу Мохаммед аль Жолани өнгөрсөн Ням гарагт нийслэл Дамаск хотыг гартаа оруулсныхаа дараа Сирийн шашны болон үндэстний цөөнхүүдийн эрхийг хамгаалахаа амлаж байв.
НҮБ-ын Сирийг хариуцсан тусгай элч босогчдод ярьж байгаа зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэхийг уриалжээ.
Босогчдын засгийн газар цөөнхийн эрхийг хүндэтгэсэн бодлого, үйл ажиллагаа явуулбал Вашингтон туслахад бэлэн байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга бас илэрхийлсэн юм.
ХТШ саяхан шилжилтийн засгийн газар байгуулж, Мохаммед аль Баширыг 2025 оны гуравдугаар сар хүртэл ерөнхий сайдаар ажиллуулахаар томилсон.
Башир өмнө нь баруун хойд Сирийн босогчдын хяналтад байсан нутгийн засаг захиргааг тэргүүлж байжээ.
Мягмар гарагт түүний засгийн газар анхны хуралдаанаа зохион байгуулсан байна. Хуралдаанд Ассадын засгийн газарт ажиллаж байсан сайдууд оролцож, эрх мэдлийг хэрхэн шилжүүлэх талаар ярилцжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!