Уншиж байна ...

Түүхий эдийн зах зээл дээр кофены үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Удахгүй хүмүүс кофе худалдаж авахдаа илүү өндөр үнэ төлдөг болох гэж байна.

Энэ нь олон улсын түүхий эдийн зах зээл дээр кофены үнэ хурдтай өсөж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэнтэй холбоотой.

Мягмар гарагт дэлхий даяар хамгийн их тариалагддаг Арабика үрийн фунт тутмын (0.45 кг) үнэ $3.44 хүрсэн нь түүхэн дээд хэмжээ байлаа. Уг түүхий эдийн үнэ энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл 80 хувиар өсөөд байна.

Робуста үрийн ханш есдүгээр сард түүхэн дээд хэмжээндээ хүрсэн юм.

Кофены үнийн өсөлт нь дэлхийн хамгийн том хоёр үйлдвэрлэгч улс болох Бразил, Вьетнамд уур амьсгалын нөлөөгөөр ургацын хэмжээ багассантай холбоотой.

Кофе үйлдвэрлэгч компаниуд зах зээлээ хадгалахын тулд сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнийн өсөлтийг өөрийн зардалд шингээж байжээ. Тэгвэл ирэх онд ингэхээ болиод үнээ өсгөх нь бараг тодорхой гэж судлаачид үзэж байна.

“JDE Peet (Doue Egberts брэндийг эзэмшигч), Nestle зэрэг компаниуд өмнө нь түүхий эдийн өсөлтийг өөрсдөдөө шингээдэг байсан. Гэхдээ одоо тэд эргэлтийн цэгтээ хүрсэн гэж би бодож байна. Тэдний олонх нь 2025 оны эхний улиралд жижиглэн худалдааны үнээ нэмэх талаар бодож байгаа байх” гэж Вьетнамын Tuan Loc Commodities компанийн гүйцэтгэх захирал Вин Нуэн ярьжээ.

Италийн аварга үйлдвэрлэгч Lavazza саяхан бас үнийн өсөлтийг худалдан авагчдадаа үүрүүлэхээс өөр аргагүйд хүрч байгааг мэдэгдсэн байна.

“Чанар бол бидний хувьд хамгийн чухал зүйл бөгөөд хэрэглэгчидтэй байгуулсан итгэлцлийн гэрээний маань тулгуур багана байсаар ирсэн. Тиймээс бид маш өндөр зардалтай тэмцсээр ирлээ. Харин одоо бид үнээ өөрчлөхөөс өөр аргагүй болж байна” гэж тус компанийн төлөөлөгч хэвлэлд ярьжээ.

Арваннэгдүгээр сард болсон хөрөнгө оруулагчдын хурлын үеэр Nestle компанийн кофены брэнд хариуцсан захирал Дэвид Ренни салбар нь хүнд хэцүү цаг үеийг туулж байгааг мэдэгдээд бүтээгдэхүүнийхээ үнэ, баглаа боодлын хэмжээг эргэж харах цаг болсон тухай ярьсан юм.

Хамгийн сүүлд 1977 онд Бразилын тариалангийн талбайнууд ер бусын их цасанд дарагдсаны улмаас кофены үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өсөж байжээ.

“Бразилын нөхцөл байдал 2025 оны кофены ургацад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Өнгөрсөн найм, есдүгээр саруудад тус улс сүүлийн 70 жилийн түүхэндээ үзээгүй их ган гачигт нэрвэгдсэн. Үргэлжлээд аравдугаар сард хүчтэй аадар бороо орсон” гэж Saxo банкны түүхий эдийн стратегийн газрын захирал Оле Хансен ярьж байна.

Бразил нь Арабика үрийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч.

Робуста үрийн хамгийн том үйлдвэрлэгч Вьетнамд ч бас ган гачиг, үер усны гамшиг нүүрлэсэн нь ургацын гарцад нөлөөлжээ.

Кофе нь түүхий газрын тосны дараа дэлхийд хамгийн их хэмжээгээр арилжаалагддаг хоёр дахь түүхий эд юм.

Хэрэглээ нь жилээс жилд өссөөр байгаа. Тухайлбал Хятад улсад кофены хэрэглээ сүүлийн арван жилд хоёр дахин өссөн байна.

 

Эх сурвалж: BBC