Apple компани өөрийн iPhone бүтээгдэхүүний хиймэл оюуны технологид суурилсан үйлдлийн системийн iOS 18.2 хувилбараа өнөөдөр зах зээлд гаргаж байна.
Сар хагасын өмнө тус компани iOS 18.1.1 хувилбараар Apple Intelligence (AI) системийнхээ эхний хэсгийг нэвтрүүлж байсан юм.
Тэгвэл 18.2 хувилбараар илүү сонирхолтой боломжуудыг нэмжээ.
AI системийн нэвтрэлт ирэх онд үйлдлийн системийн дараа дараагийн хувилбаруудаар үргэлжлэх юм.
Энэ удаа нэвтэрсэн сонирхолтой шинэ боломжуудыг танилцуулж байна. Гэхдээ эдгээр шинэ боломжууд зөвхөн iPhone 16 загварын бүх хувилбарууд дээр бүрэн ажиллах бол зарим нь iPhone 15 Pro, Pro Max хувилбарууд дээр хэсэгчлэн ажиллах юм.
ChatGPT integration
18.2 хувилбар дээр дуу хоолойгоор харилцдаг Siri систем ChatGPT чатбот платформтой хамтран ажилладаг болсон байна.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч гуравдагч аппликэйшн ашиглахгүйгээр дуу хоолой болон бичгээр OpenAI компанийн хөгжүүлсэн платформд хандах боломжтой болжээ.
Visual Intelligence
Visual Intelligence боломжийн тусламжтайгаар хүн iPhone-ий камераа ямар нэг биет дээр тусгаад холбогдох мэдээллийг нь авах юм. Тухайлбал самбар, цаасан дээр бичсэн бичиг дээр камераа тусгаад хуулж авах, хэл хооронд хөрвүүлэх, утасны дугаар, имэйл хаягийг таниад контакт руугаа нэмэх үйлдэл гүйцэтгэж болно.
Бас камерын дуранд өртсөн эд зүйлсийг Google-ээр хайх, ChatGPT-ээр тайлбарлуулах зэргээр ашиглаж болох ажээ. Гэхдээ Visual Intelligence зөвхөн iPhone 16 загвар дээр ажиллах юм байна.
Genmojis
Чатлахдаа дан текст бичихээс зайлсхийдэг хүмүүст Genmoji шинэ боломж олгож байна. Хиймэл оюуны тусламжтайгаар ашиглахыг хүссэн эможи дүрсээ тодорхойлж бичээд шинээр үүсгэж болдог болжээ.
Тухайлбал “rainbow cactus” (солонгын өнгөтэй кактус) гэж бичихэд хүссэн эможи дүрсийг шууд үүсгэж харуулах юм.
Энэ мэтээр өөрийнхөө болон бусад хүмүүсийн хөдөлгөөнтэй эможийг үүсгэж болдог болжээ.
Image Playground
Энэ бол хүн өөрийн хүссэн зураг, хөдөлгөөнт дүрсийг бичсэн текст тодорхойлолтын тусламжтай янз бүрийн хэлбэрээр үүсгэх боломж юм. Өөрөөр хэлбэл бичсэн зүйлийг чинь ойлгоод зураг болгож өгнө гэсэн үг.
Тухайлбал өөрийн зургийн сангаас хэн нэгний зургийг зааж өгөөд түүнийгээ ямар хувцас чимэглэлтэй, царай төрхтэй, хаана байгаагаар хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, гар зураг гэх мэт янз бүрийн хэлбэртэй үүсгэж болно.
Зургийг үүсгэхдээ Image Playground аппликэйшнээр үүсгэж, үр дүнг нь бусад аппликэйшнүүдэд ашиглаж болох гэнэ.
iOS 18.2 хувилбарыг гар утсандаа “Settings -> General -> Software Update” дарааллаар суулгана.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!