Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хог хаягдлаа ангилан ялгах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл олгож, чиглүүлэх зорилготой “Дахин боловсруулцгаая-Go Recycle” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ арга хэмжээг "Өнгө нэм" төрийн бус байгууллага Европын Холбооны санхүүжилттэй "Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл"-ийн дэмжлэгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран зохион байгуулав.
Аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн энэхүү арга хэмжээгээр албан байгууллагын тогтвортой хөгжлийн тайлан болон Байгаль, Орчин, Нийгэм Засаглал (БОНЗ)-ын тайлан гаргах аргачлал, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх арга туршлагыг хуваалцсан юм. Түүнчлэн хог хаягдлыг тээвэрлэгч, дахин боловсруулах үйлдвэрүүд болон хуульч тэргүүтэй салбарын төлөөллүүд чуулж, цаашид хамтран ажиллах боломжуудаа хэлэлцэв.
“Дахин боловсруулцгаая - Go Recycle” арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон компанийн төлөөллүүд оролцож нэг хог хаягдлын нөлөө буюу хөрс хамгаалал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргалт, алсын хараатай уях судалгаа тайлан, зөвлөмж, туршлагаа хуваалцав.
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) 2014 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ныг Дэлхийн хөрсний өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд хөрсийг бохирдуулагч хүчин зүйлс, тэр дундаа хог хаягдлын үзүүлж буй нөлөө, хууль эрхзүйн орчин, цаашид авах арга хэмжээг аж ахуйн нэгжүүдэд онцлон танилцуулсан юм.
Монгол Улсын тухайд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7 тонноор багасгах зорилт тавьсан. Үүнээс гадна 1992 оны Риогийн тунхаглал, 2019 оны Парисын хэлэлцээр зэрэгт нэгдсэн.
"Дахин боловсруулцгаая" аяны хүрээнд хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин ашиглах болон устгах менежментийг байгаль орчин, нийгэмд ээлтэй хэрэгжүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулахад чиглэсэн байна.
Төслийг 2024-2030 оны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд биетээр болон сошиалаар 400-1,000 хүнээс асуумж судалгаа аван, 190 өгөгдөл цугларч, одоогоор 48 хувьтай явна. Судалгааг 2025 оны нэгдүгээр сарыг дуустал үргэлжлүүлэх юм.
Түүнчлэн "Nepko Kids"-тэй хамтран дөрвөн цуврал ном гаргахаар төлөвлөжээ. Эхнийх нь болох "Тагнуулч Одко" номыг хэвлэлтэд өгснөө "Өнгө нэм" төрийн бус байгууллагын тэргүүн М.Мөнхзаяа онцолсон юм.
Түүнчлэн хог хаягдлын мэдээллийн нэгдсэн цахим хуудас, дахин боловсруулах хог хаягдлын талаар зөв мэдээлэл өгөх үүднээс дүр бүтээж, хөгжүүлэх, хогийг ангилж хаяхад зориулагдсан хогийн уут болон ангилдаг сав, хог хаягдлын цэг зэргийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм.
Энэ талаар “Өнгө нэм” төрийн бус байгууллагын тэргүүн М.Мөнхзаяа “Сүүлийн үед хэрэглэгчид хариуцлагатай, байгальд ээлтэй брэндийг түлхүү сонгон үйлчлүүлэх хандлагатай болж, таван жилийн өмнөхтэй харьцуулахад ийм сонирхолтой худалдан авагчийн тоо 72%-иар өссөн судалгаа гарсан байна.
Хог хаягдлын талаар хүүхдүүдэд багаас нь зөв мэдээлэл олгох нь чухал байна. Тиймээс бага насныханд тэр дундаа 5-8 насныханд зориулсан комик ном гаргахаар болсон. Үүгээр дамжуулан тэдгээр хүүхдүүдэд хог хаягдлын талаар мэдээлэл олгох, хогоо ангилдаг болгох зөв дадлыг суулгана гэж үзэж байгаа.
Мөн хог хаягдлын талаар зөв ойлголт өгөхөд туслах зорилгоор маскот дүр бүтээж, түүгээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх, нөлөөллийн аяныг хийнэ.
Үүнээс гадна хог ангилж, хаядаг таван төрлийн хогийн уут үйлдвэрлэнэ. Энэ уут нь Монголдоо боловсруулагддаг, дахин ашиглах боломжтойгоороо онцлог юм. Үүний нэг нь байгальдаа уусдаг, хүнсний хог хаях зориулалттай уутыг үйлдвэрлэх юм" гэж онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!