Уншиж байна ...

"Ойрын өдрүүдэд шинэ жилийн арга хэмжээ болон зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн замын түгжрэлийн талаар холбогдох албанаас тайлбарласнаар ойрын өдрүүдэд шинэ жилийн арга хэмжээ болон зах, худалдааны төвүүд, хорооллын үйлчилгээний төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа аж.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Улаанбаатар хотод өдөр тутамд 450,000-500,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Ер нь 85,000-115,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцвол зам болон зорчилт хөдөлгөөний түвшин тэнцвэртэй байдлаа хангаж 25км/цагийн хурдтай явах боломжтой байдаг.

Үүнээс гадна төвлөрлийн бүс буюу Их тойруу дотор их, дээд сургууль, цэцэрлэг, иргэдэд үйлчлэх төр, захиргааны байгууллага, үзвэр үйлчилгээний нийт 80 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Төвлөрлийн бүс рүү өглөөд ирж, оройд буцах хөдөлгөөн хийгддэг.

Ойрын өдрүүдэд шинэ жилийн арга хэмжээ болон зах, худалдааны төвүүд, хорооллын үйлчилгээний төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний улмаас Эх нялхсын уулзвар, Тасганы овооны уулзвар, Баянбүрдийн тойрог, Дөлгөөн нуур төвийн урд уулзвар, Өлзий төвийн уулзвар зэрэг Их тойруугийн гудамж замуудад түгжрэл, ачаалал их байна.

Их тойруугийн зам ачаалал авахаар босоо тэнхлэгийн буюу Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас урагш СУИС, МУИС, Төв музейн уулзвар ачаалал авч, Төв шуудан, ГХЯ-ны уулзвар, Энхтайвны гүүр, Офицеруудын ордон, Бөхийн өргөөний уулзвар гээд хотод бүхэлдээ түгжрэл үүсэж байна" гэв.

Улаанбаатар хотод замын түгжрэл, утаа, цахилгааны хязгаарлалт "гаарч" байна.