Тайландын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Чианг Май хотод тивийн шилдэг боксчид аваргаа тодрууллаа. Эзэн хааны зуны ордон байдгаараа алдартай тус хотод 11 өдрийн турш нударга зөрүүлсэн юм.
Нийт 21 орны 210 боксчин цугласан тус тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй гурван боксчин өрсөлдсөнөөс дөрөв нь медаль хүртэв.
Тодруулбал эмэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Г.Бадмаараг, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Г.Лундаа, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, +91 кг-д Х.Бекнур нар хүрэл медаль зүүлээ.
Ингэснээр багийн дүнгээр манай боксчид 10-т жагссан юм.
Узбекистан улс боломжит 25 алтаас 11-ийг нь "түүсэн" бол Казахстан ес, Тайланд гурван алтан медаль авчээ.
Мөн БНХАУ, Тажикистанаас нэг алт авсан байна.
Энэ удаагийн тэмцээнд Украины боксын холбоо Азийн боксын холбоонд хүсэлт тавьсны дагуу оролцсон нь онцлог байв. Тус улсын тамирчид хошой мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ.
Азийн АШТ-д түрүүлсэн тамирчид $8,000 урамшуулал авсан бол мөнгөн медальтан $4,000, хүрлийн эзнийг $2,000-гаар байлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!