Уншиж байна ...

Али Хамени: Ассадын дэглэмийн уналт Ираны хүчийг сулруулахгүй

Т.Давааням, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Сири улсад 50 гаруй жил тогтсон Ассадын гэр бүлийн дэглэм нуран унасан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Үүнийг Ассадын дэглэмийн гол түшиг тулгуур болж байсан Иран, Орос улсуудад том цохилт болсон гэж зарим ажиглагчид үзэж байгаа.

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени энэ талаар анх удаа мэдэгдэл хийжээ.

“Тэмцлийн утга учрыг ойлгодоггүй зарим хүмүүс тэмцэл сулрахад Исламын Иран улсыг бас суларна гэж төсөөлж байна. Иран бол хүчирхэг улс бөгөөд улам бүр хүчирхэгжих болно” гэж Хамени хэлсэн байна.

Израилийн эсрэг Ираны “тэмцлийн тэнхлэг” гэгч бүтэц бүрэлдэхүүнд Ассадын Сири стратегийн чухал үүрэгтэй оролцогч байсан юм. Ялангуяа хөрш Ливан дахь Тегераны холбоотон Хезболлад зэвсэг нийлүүлэхэд  гол үүрэгтэй байжээ.

Ираны “тэмцлийн тэнхлэг” гэгчид Ливаны Хезболла, Палестины Хамас, Йемений босогчид, Ирак дахь шийтийн жижиг зэвсэгт бүлэглэлүүд багтдаг.

Эдгээр нь бүгд Израиль улс болон түүний гол дэмжигч АНУ-ыг эсэргүүцэн тэмцэх зорилгын дор нэгдсэн юм.

Хамени өчигдөр ярихдаа Ассадын дэглэмийг унагасан гол эзэд нь АНУ, Израилийн “Сионист дэглэм” болохыг мэдэгджээ.

“Сирид болсон зүйл АНУ-Израилийн хамтарсан хуйвалдааны үр дүн гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэж тэр хэлсэн юм.

Хамени бас Сирийн өөр нэг хөрш улсыг энэ үйл явдалд холбоотойг хэлэхдээ нэрийг нь дурдаагүй байна.

Сири нь Ирак, Израиль, Йордан, Ливан, Турк улсуудтай хил залгадаг.

Эдгээрийн дотроос Турк улс Ассадын дэглэмийн эсрэг босогчдын тэмцлийг эртнээс дэмжиж байсан юм. Тиймээс Хамени хэнийг хэлсэн нь тодорхой байна.

Сири улс өөр өөр зорилготой эзлэн түрэмгийлэгчдийн гарт орсныг тэр энэ үеэр хэлжээ.

“Тэд тус тусын зорилготой байгаа. Зарим нь Сирийн өмнөд, хойд газар нутгийг булаан авахыг зорьж байна. АНУ бол бүс нутагт байр сууриа бэхжүүлэхийг санаархаж байгаа” гэж Хамени хэлсэн байна.

Турк улс Сирийн хойд хэсэгт өөрийн цэргийг байрлуулж байгаа бол Ассадын дэглэмийг унасны дараахан Израиль улс Сирийн өмнөд хэсэгт цэргээ оруулаад байгаа.

АНУ-ын цэрэг бас Сирид байрлаж, Исламын Улс террорист байгууллагыг устгахад Курдын зэвсэгт бүлэгтэй хамтран ажилладаг.

2011 онд Сирид иргэний дайн дэгдсэний дараа Иран улс цэргийн зөвлөхүүдээ Ассадад туслуулахаар илгээж байв.

Мөн Ираны холбоотон Хезболлагийн хүч Ассадын талд босогчдын эсрэг байлдаж байсан юм.

Хамени энэ удаа Ассадын арми сул дорой байсныг хүлээн зөвшөөрчээ.

Сирийн иргэний дайны эхэн үеийнх шиг сэтгэл зүй Ассадын армид байсан бол Иран улс сая туслахад бэлэн байсныг тэр өчигдөр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP